logo
Байнгын хорооны зарим гишүүд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Байнгын хорооны зарим гишүүд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

2013/05/25
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчидтэй уулзлаа.

   Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан тус байнгын хорооноос УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийн төлөөлөл дээрх эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын байдал, даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий төрийн өмчит болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, рашаан сувиллуудын даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээнд олгогдсон санхүүжилт, түүний хэрэгжилттэй танилцсан юм. Энэ нь нөхцөл байдалд зохих үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилт болон эрх зүйн орчныг сайжруулах талаар санал боловсруулахад бодитой мэдээлэл болж байгааг ажлын хэсгийхэн онцолж байлаа.


   Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгал төлчихөөд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас түүнтэйгээ тэнцэх хэмжээний тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгааг ажлын хэсгийн гишүүд шүүмжлээд, энэ байдлыг арилгахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Үүнд халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн санал чухал гэдгийг онцолсон юм.

   Эмнэлгийн санхүүжилт жил бүр нэмэгдэж байгаа аж. Тухайлахад нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хувьд 2009 онд 1,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ жил 1,7 тэрбум болж нэмэгджээ. Харин Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэг 2009 онд 7 тэрбум төгргийн санхүүжилт авч байсан бол энэ онд 12 тэрбум болж 40 гаруй хувиар нэмэгдсэн байна.

   Гэсэн ч эмч, эмнэлгийн ажилтнууд төсөв дутдаг, техник, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа, эмч, сувилагчдын ачаалал их атлаа цалин бага байдгаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ төдийлөн сайжрахгүй байгааг хэллээ. Мөн хууль эрх зүйн орчингоо боловсронгуй болгож, төрөөс ямар ямар өвчлөлийг үнэгүй эмчлэх, иргэд өөрсдөө ямар нөхцөлд төлбөр төлж эмчлүүлэх ёстой вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ч хэлж байлаа. Түүнчлэн цаашид иргэд, олон нийтийг ямар нэгэн өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чаддаг байх тал дээр анхаармаар байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш