logo
Үнэт цаасны зах зээлийн олон улсын жишигт нийцсэн хуультай боллоо

Үнэт цаасны зах зээлийн олон улсын жишигт нийцсэн хуультай боллоо

2013/05/25
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав.

  Байнгын хороо эдгээр хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг төслд бүрэн тусгасан гэдгээ танилцуулгадаа дурдав. Тухайлахад, үнэт цаасны зах зээлд оролцогчдын гол бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалтын сангийн талаар тодорхой зохицуулалтыг багтаасан зүйл, хэсэг, заалтуудыг төсөлд нэмж тусгах, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулж байгаа төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх, хөрөнгийн бирж үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор байсныг үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж болохоор өөрчлөх зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалттай холбогдсон хариуцлагын заалтуудыг тусгах, үнэт цаасны зах зээлийн талаарх төрийн бодлогыг төрийн захиргааны байгууллагууд хамтран тодорхойлж байх зэрэг зарим гишүүний гаргасан зарчмын саналуудыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан нарын гишүүд асуулт асууж тодруулав. Тухайлахад гишүүн Ж.Батзандан энэ хууль батлагдсанаар үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн шинэ үе эхэлнэ гэж үзэж буйгаа хэлээд хуулийн төсөлд концепцийн шинэ үзэл баримтлал, олон шинэ нэр томьёо орсон учраас хуулийг хэрэгжүүлэх хугацааны хувьд бэлтгэлийг бүрэн хангахад хангалттай эсэх, мөн хууль батлагдсанаар гадаад дахь компаниуд дотоодын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлд орж ирэх эсэхийг лавлахад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Баярсайхан хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байгаа. Цаашид сунгах цаг хугацааны боломжгүй учраас энэ хугацаанд нь амжиж хуулийг хэрэгжүүлэх бүх бэлтгэлийг хангана. Хууль батлагдсанаар гадаад дахь компаниуд орж ирэх боломж нээгдэж байгаа, энэ талаарх журмыг манай хорооноос гаргана гэлээ.

  Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй найман санал тус бүрээр санал хураалгасны дараа хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

   Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр Засгийн газар дамжин удаан хэлэлцэгдсэн энэ хууль батлагдаж, манай улс үнэт цаасны зах зээлийн олон улсын жишигт нийцсэн хуультай боллоо” гээд хууль батлахад оролцсон гишүүдэд баяр хүргэлээ.

  Дараа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаа чуулганд оруулж танилцуулсан юм.

   Ингээд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул хуулиудын төслийг батлах санал хураалт явуулахад 66.7 хувь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдав.

  Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн барьсан Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүн Д.Батцогт танилцууллаа.

  Иймээс горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.3 хувь нь дэмжив. Харин хуулийн төслийг батлах санал хураалгахад 61.7 хувь нь дэмжсэнээр Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

  Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, байдал, Улсын Их Хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаарх асуулгын хариуг сонсох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш