· Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худгийн 8.5 км авто зам, автомашины зогсоол, үйлчилгээний талбай, үзэгчдийн суудал, зөөврийн бие засах газар зэрэг барилга байгууламжийг байгуулна.
· Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Йинглак Чинаватын Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
· Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хот, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтворжсонтой холбогдуулан “Монгол Улсын Хөгжлийн банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн банк болон Удирдлагын багийн хооронд байгуулсан Удирдлагын гэрээ”-г дуусгавар болгож, Монгол Улсын Хөгжлийн банк болон БНСУ-ын Хөгжлийн банкны хооронд Зөвлөхийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрлөө.
· Бүгд Найрамдах Герман Улсад 2015 оны 3 дугаар сард зохион байгуулагдах “Ай Ти Би Берлин-2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох тухай асуудлыг дэмжээд, Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо байгуулахаар тогтов.
· БОНХ-ын сайд С.Оюуны 2013 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотноо болох “Даян дэлхийн ногоон өсөлт-2013” дээд хэмжээний чуулга уулзалтад зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөн, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
· 2013 оны 4 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад болсон НҮБ-ын Ойн форум, 4 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болсон Эмэгтэй манлайлагчдын чуулганд тус тус оролцсон тухай БОНХ-ийн сайд С.Оюун Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
· Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2013 оны 5 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Дели хотноо болсон Азийн хөгжлийн банкны, 10-11-ний өдрүүдэд Турк Улсын Станбул хотноо болсон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жилийн уулзалтад оролцсон дүнгийн тухай Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
· 2013 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч байх, үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны болон тэжээлийн ургамлын тариалалтыг технологийн хугацаанд нь чанар сайтай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгав.