logo
Азийн залуучуудын чуулганд Монголын 20 залуу оролцоно

Азийн залуучуудын чуулганд Монголын 20 залуу оролцоно

2013/05/28

5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 2-ны хооронд  Камбожийн Вант Улсад зохиогдох Азийн залуучуудын чуулганд оролцох Монгол  залуусын төлөөллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор  болох юм.

Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын Үндэсний Хороо”-ны зөвлөлд багтдаг, залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн 20 залуу оролцоно.

Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ чуулганыг ирэх онд эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Ерөнхий сайдад дуулгалаа. Азийн залуучуудын чуулганыг эх орондоо зохин байгуулах эрхийг аваад ирвэл Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд гол нь чуулганы бэлтгэл ажлын хүрээнд нэлээд ажил хийж, бодитой үр дүн үлдээх нь чухал гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш