logo
17 тэрбумын тендерийн хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

17 тэрбумын тендерийн хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

2013/05/28

УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим мэдээллийг шалгуулахаар өнгөрсөн сард АТГ болон Хууль зүйн сайдад хандсан билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ачиж зөөвөрлөх хяналтын бүсийн 17 тэрбум төгрөгийн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын компани шалгарсан нь хууль зөрчсөн эсэх, үүнд ямар албан тушаалтнууд холбогдсон болохыг шалгуулахаар АТГ-т, хоёр Уянгын бичиг баримтыг санаатай сольсон УБЕГ-ын ажилтнуудын асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан бичиг илгээсэн юм.

Энэхүү албан бичгийн хариуг МАН-ын бүлэгт ирүүлснийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны дараах хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа. АТГ “Эрдэнэс Тавантолгой“ ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүртгэлийн бичиг баримттай холбоотой асуудлыг Улсын мөрдөн байцаар газар шалгаж байгаа бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх болно гэсэн хариу өгчээ. Дээрх хоёр албан бичгээс үзэхэд МАН-ын бүлэг үндэслэлтэй асуудал тавьж байсан нь харагдаж байна гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар ямар байр суурьт хүрснээ танилцууллаа. МАН-ын бүлэг Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 10-наас 24 хүртэл түр завсарлуулах шийдвэрийг УИХ-ын даргын зөвлөл гаргажээ. Харин МАН-ын бүлэг хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж буй хуулийн төсөл олон учраас УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэсэн байр суурьтай байна.

17-1

Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийж, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэдэх дэд хэсэг дүгнэлтээ гаргажээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Засгийн газрын бодлогын алдаатай зарим зүйлээс болж эдийн засагт хүндрэл үүсч болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлт бидний зүгээс эрх баригчдад анхааруулж хэлж байсан зүйлүүдтэй их ойролцоо гарсан байна. Сөрөг хүчний байр суурийг анхнаас нь сонсож урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс хамтарч хэрэгжүүлсэн бол зарим сөрөг үзэгдэл үүсэхгүй байх боломж бий. Тиймээс энэ асуудлаар талууд ихээхэн хүчин чармайлт гаргаж нэг байр суурьтай ажиллах ёстой” гэлээ.

“Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр сайд С.Эрдэнэ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд мэдээлэл хийхтэй холбогдуулан МАН-ын бүлгийн гишүүдэд тодруулж асуух олон байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй мөртлөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч буйн учрыг сайдаас асуух аж. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар холбогдох хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл сонсох юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш