Дархан-Уул аймагт хүн амины онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан тухай мэдээлсэн. Хэрэг гарсны дараахан Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав “Дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Хэргийг шалгаж дөнгөж эхэлсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин Дархан-Уул аймагт суух ойрын эх сурвалж “Энэ хэрэгт 7 болон 13 настай охидууд, 25 настай хамаатны ахынхаа хамт амь насаа алдсан. Яг үнэндээ гурван хүний амь эрсэдсэн. Харин 58 настай эмээ нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Охидуудын аав, ээж нь хөдөө мал малладаг тэгээд охидууд эмээ өвөөгийндөө байж сургуульд сурдаг байсан. Үнэндээ цагдаагийн ажилчид хэргийн газар очиход дөрвөн хүн цусанд будагдсан байсан нь тэднийг бүгд амь эрсэдсэн гэх мэдээлэл өгөхөд хүргэсэн аж. Хэргийн газар үзлэг, шинжилгээ хийж байхад ухаан балартаж унасан 58 настай эмэгтэй сэргэж, эмнэлэгт хүргэж, хагалгаанд орсон” гэж мэдээллээ. Гэмт хэрэг гарсан шөнө Дархан-Уул аймагт хоолойгоо хэрчин амиа алдсан хүний цогцос олджээ. Цагдаагийн байгууллага амиа егүүтгэсэн талийгаачийг хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн одоогийн байдлаар шалгаж байгаа юм байна.