logo
А.Мөнхбат: Мөнгөтэй хүмүүст үйлчилдэг бүхэл бүтэн арми бий болжээ

А.Мөнхбат: Мөнгөтэй хүмүүст үйлчилдэг бүхэл бүтэн арми бий болжээ

2013/05/28
Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.
-Өнгөрөгч амралтын өдрүүдэд телевизийн олон суваг дамжиж гарсан “100 чухал сэдэв” нэвтрүүлэг олны гайхшируулсан. Та оролцогчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Энэ нэвтрүүлгийн цаад зорилго ямар байсан нь хамаагүй. Гол нь хүүхдийн парк өнөөдөр ямар чухал сэдэв болохыг дахин харууллаа. Хүмүүс надаар хэлүүлэлтгүй хүүхэд залуучуудын тоглох, амрах ганц орчин болсон парк ямар байдалтай байгааг мэднэ. Би энэ нэвтрүүлэгт паркийг хүүхдүүд очиж тоглодог газар байх, бүрэн бүтнээр нь үлдээх тухай ярихаар очсон.
-Паркийн тухай ганц энэ нэвтрүүлэг биш, он дамжин ярьж байгаа?
-Энэ асуудлыг өнгөрсөн жилийн зун твиттерт анх гаргаж тавьсан. Жиргээчид зунжингаа энэ тухай цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн, санаа бодлоо илэрхийлсэн. Паркийн тоглоом үнэтэй, цөөхөн байна. Хуучин цагт хүн болгон орж амарч зугаалж болдог байсан. Модны сүүдэрт суугаад, хуушуураа иддэг байлаа. Бүтэн өдөржингөө хөлөө цуцтал тоглодог байсан гээд хүүхэд насны олон сайхан дурсамжаа хуваалцсан. Сүүлдээ парк хэзээ бүрэн ашиглалтад орох, хувьчлал шударга болсон эсэх, яагаад тал талаас нь байгууллагууд хэмлээд, газрыг нь авчихсан юм бэ гэдэг асуудал болж хувирсан.
-Энэ үеэс та бүхэн паркийн газрыг эргүүлэн авахаар ажиллаж эхэлсэн үү?
-Залуучуудын, иргэдийн цахим ертөнцөд жиргээгээр тавиад байгаа асуудлыг тодруулах шаардлагатай болсон учир намар нь аравдугаар сарын 24-нд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бүх талуудыг урьж оролцуулсан.
-Бүх тал гэдэгт?
-Хүүхдийн паркад зочид буудал барьсан М-Си-Эс компани, 1.1 га талбайг авсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү өөрөө, “Бодь” группийг төлөөлж Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинчлэх төслийн удирдагч Б.Батнягт, “Сөүл” группийн хуулийн зөвлөх А.Энхтөр, нийслэлийн газрын албаны хүмүүс гээд бүгд оролцсон. Тэд бүгдээрээ өөр өөрийн арьсаа хамгаалахыг чухалчилсан. Хуулийн дагуу ажиллаж байна, маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэх зэргээр ярьсан. Энэ үеэр нэг зүйл тодорхой болсон нь паркийн 12 га талбайд тоглоом байрлуулаад  үлдсэн 19 га-д бизнес төв, таван одтой хоёр зочид буудал барихаар болсон тухай юм.
-Хэн энэ баримтыг дэлгэсэн бэ?
-Үндэсний соёл амралтын хүрээлэн компанийн 24 хувь нь нийслэлийн мэдэлд байдаг. Нийслэлийг төлөөлж ТУЗ-д суудаг НИТХ-ын төлөөлөгч Л.Эрхэмбаяр “Бизнес төв, зочид буудал барих асуудлыг “Бодь” группээс тавьсан учир хэлэлцүүлэгт энэ талаар мэдэгдэх ёстой боллоо” гэснээр асуудал тодорхой болсон. Энэ цагаас хүүхэд залууст парк барьж өгөхийн төлөө зүтгэж байгаа гэж сайхан ойлголт нийгэмд төрүүлсэн “Бодь” группийн далд ашиг сонирхол ил болсон.
-Хэлэлцүүлэг үр дүн өгчээ. Зарим нь газраа буцааж өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн?
-“Мон-Уран”-ы Б.Наранхүү тэр үед УИХ-ын гишүүн болчихсон байсан. Тэр “Бодь группийнхэн газраа буцаагаад өгчихвөл, би бэлэн. Энэ газар дээрээ хүүхдүүдэд зориулсан паркийг жинхэнэ утгаар нь байгуулаад, арван жил үнэгүй тоглуулна” гэж хэлчихээд гараад явсан. М-Си-Эс-ийнхэн “Бид зочид буудлынхаа нэгээс таван давхарт найман танхимтай кино театр, түргэн хоолны газар гэх мэт хүүхэд залууст зориулсан үйлчилгээ үзүүлдэг болно. Зөвхөн өндөрлөг хэсэгт буудал байрлуулна. Парк хүүхэд залуусынх байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, та бүхний үйл ажиллагааг дэмжиж байна. Хамтарч ажиллая. Нийслэл, залуучуудын байгууллагатай хамтарсан санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн” гэсэн. Энэ хэлэлцүүлгээс ганцхан “Бодь” групптэй яаж хамтарч ажиллах юм бэ, тэд залуусын төлөө ямар шийдэл гаргах вэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн. Тэр үед Орон нутгийн сонгууль болж таарсан.
-Улс төр аливаа асуудлыг бүрхэгдүүлэх нэг хөшиг болдгийн жишээ. Сонгууль болонгуут энэ чухал асуудлыг хойш тавьсан байх нь?
-Э.Бат-Үүл баатар тэр үед паркад ач холбогдол өгч байгаа гэсэн. Тэрээр “Паркийг парк чигээр нь үлдээх та бүхний санаачилгатай бид  100 хувь санал нэгтэй байна. Би та бүхэнд паркаа аврах өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулна. Энэ асуудлаар шийдвэр гаргах түвшин бол Хотын захиргаа. Та бүхэн тэвчээртэй хүлээж байгаач” гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл бид тэр төлөвлөгөөтэй нь танилцаагүй, хүлээгээд л байна.
-Та бүхнийг хүлээж байх хугацаанд “Бодь” группийнхэн зүгээр суугаагүй бололтой. Бүхэл бүтэн нэвтрүүлэг хийлгэчихсэн байна?
-Энэ нэвтрүүлгийг өчигдөр, өнөөдөр л цацаж байгаа болохоос бичлэгийг хавар хийсэн.
-Өөрсдийнхөө гаргаж тавьсан асуудлынхаа эсрэг нэвтрүүлэгт орж л байдаг?
-Биднийг бичлэгт оруулахдаа “Нero” энтертайментийнхан “Парк үнэхээр чухал сэдэв учир бид нэвтрүүлгийнхээ анхны дугааруудын нэгийг зориулна. Бүгдээрээ тойрч суугаад яръя, шийдэл гаргая. Хүүхдийн баяраас өмнө асуудал нэг талдаа гаргах ёстой. Тиймээс та бүхнийг урьж байна” гэдэг сайхан зүйл ярьсан. Бид итгэсэн. Миний нэвтрүүлгийн бичлэг гэхэд нэг цаг 30 минут орчим болсон байдаг. Тэр бичлэг надад бий. Тэгтэл өнөөх нь эфирт цацахаар юу болж хувирсан гэвэл “Паркийг аврах нэрийн дор өөрсдөө авах гээд байгаа нөхдүүд коммунистууд шүү. Бөгсний алчуурууд хувьдаа паркийг авах гээд байна” гэдэг утгатай. Гэхдээ ингэж хувиргаж байгаа нь олон нийтийн хувьд баярлууштай хэрэг болсон. Энэ нэвтрүүлэг Монголын нийгэм ямар байдалд хүрснийг тод томруун гаргаж өглөө, баталгаа нь боллоо. Мөнгөтэй хүмүүст үйлчилдэг бүхэл бүтэн арми бий болсоныг харуулсан нэвтрүүлэг болсон. Монголд шударга зүйл байна уу, үгүй юу гэдэг асуулт хариулт нэхэж байгаад дүгнэлт хийх цаг болсны илэрхийлэл. Намууд, улстөрчид “Цөөхүүлээ хөлжих үү, олуулаа хөгжих үү” гэж уриалдаг. Бид олуулаа хөгжихийн талд байна. Гэтэл цөөнхөд үйлчилсэн ийм байдал байгааг бид өнгөрсөн өдрүүдэд хангалттай харлаа. Үүнийгээ яаж сайн хийдэг, яасан ичдэггүй, яаж мөнгөөр хүмүүсийг дуугаргаж чаддагийг бодитоор үзүүллээ. Сэтгүүл зүйд сэтгүүлч биш хүмүүс, тухайлбал эмч Б.Болдсайхан, П.Анужин нар орж ирээд яаж бужигнуулж байгааг харууллаа. Нэвтрүүлэг гарснаас хойш миний утас байнга дуугарч байна, цахим ертөнцөд дүүрэн сэтгэгдэл. Яаж сэтгүүл зүйг ингэж доромжилж чадаж байна вэ. Хэзээ сэтгүүлч хүн нэвтрүүлэгтээ урьсан ярилцагчаараа дамжуулж Монголын бүх залуусыг доромжилчихоод, орхиод явчихдаг болсон юм бэ гэж байна. Монголын сэтгүүл зүйн түүхэнд ийм зүйл хэзээ ч байгаагүй.
-Би хувьдаа нэг зүйлд илүүтэй гайхсан. Б.Ганчимэг сэтгүүлч бичсэн нийтлэлээ үгүйсгээд, өөрийнхөө эсрэг ярьсан?
-Б.Ганчимэг сэтгүүлч энэ нэвтрүүлгийн бас нэг хохирогч болсон. Тэр ч гэсэн цаг гаруй энэ тухай ярилцлага өгсөн байгаа юм. Тэр дундаас бас л өөрсдөдөө ашигтай хэсгүүдээ монтажлаад тавьчихсан. Өнөөдөр над руу мессеж бичлээ, утсаар ярилаа. Сэтгүүлчдийн дунд ч бөөн хэлэлцүүлэг өрнөж байна гэнэ. Энэ нэвтрүүлгийн хохирогчдын хувиар хоёулаа ярилцлага хийе гэсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын хувьд ч адилхан. Өөр нэвтрүүлэгт өгсөн яриаг нь оруулсан байх жишээтэй.
-Энэ нэвтрүүлгийнхний хэлээд байгаагаар та нар коммунистууд мөн үү?
-Бид коммунизм байгуулах үзэл сурталд тархиа хордуулаагүй хүмүүс. Коммунизмын тухай баримтат кино, нэвтрүүлэг, өвгөн партизаны ярианаас сонссон болохоос нүдээр үзэж, чихээрээ сонсож, үнэмшиж байгаагүй. Гэтэл бидэнтэй коммунистуудын хэрэглэдэг аргаар ажиллаж дарахаар оролдож байгаа нь хачирхалтай. 90-ээд оны залуучууд бүгд гажигтай болчихсон гэж тэр хүн яаж хэлж чадаж байна. Би хувьдаа тэгээд хэлчихсэн бол гудамжаар сэтгэл тайван явж чадахгүй. Хэн ч миний тархийг хага цохиж болно. Энэ соёлгүй хүмүүсийг сэтгүүл зүйгээс хөөж явуулах нь зүйн хэрэг гэж бодож байна. “100 чухал сэдэв” гэдэг нэвтрүүлэг анхны дугааруудаараа их аятайхан, зөв гольдролтой явж байна гэдэг талархал хүлээж байсан. Паркийн тухай дугаар гарснаар энэ төсөл нурж байх шиг байна. Энэ нэвтрүүлгийг захиалгаар хийдэг, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг гэдэг нь тодорхой болчихлоо. Бид ардчилсан нийгэмд амьдрах сонголтоо хийсэн 90-ээд оноос хойш нэгэн үнэт зүйлтэй болсон. Хүн бүхэн зурагт, радиогоор ярьж хэлж байгаа бүх зүйлсийг өөр өөрийнхөөрөө шүүж тунгааж, ялгаж салгадаг тархины шүүлтүүртэй болсон.
-Нэвтрүүлгийн төгсгөл хэсгийн хөтлөгчийн бодит бичлэгийг хараагүй бол магадгүй бид бүрхэг ойлголттой үлдэж мэдэх байсан. Тэр хэсэг яаж яваад орчихсон юм бол?
-“Нero”-гийнхон дотор дэвшилтэт үзэл санаатай, хэдийгээр хоолныхоо мөнгөний төлөө явж байгаа ч залуу хүний хувьд бусармаг байдалд эгдүүцэж байгаа хүмүүс байна. Тэд оруулж дээ гэж харсан. Хүүхдийн паркийн асуудалд Б.Болдсайхан гэдэг хүн ямар байр сууринаас хандаж байгааг харуулсан ганцхан дүр зураг тэр. Тэр хүнтэй би цаг гаруй ярилцсан.  Тавьж байгаа асуулт бүхэн нь гутаах, доромжлохын тулд егөөдсөн, хатгасан байсан. Гол зорилго нь биднийг арчиж хаях байсан нь ярилцлагын үед тодорхой болсон. Муухай харагдаж болох хэсгүүдээ бүгдийг нь монтажилсан байна билээ. Залуус бид үнэт зүйл, үзэл бодлоо худалдахгүй. Одоогийн залуус өөр болсон. Бид хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгаж салгадаг болсон. Энэ цагийн залуус хэнээс ч айхгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурсан. Өнөөдөр твиттерт хэн намайг яах бол гэсэн айдасгүйгээр зоригтойгоор өөрийгөө илэрхийлж байна. Бүгд өөр өөрийн байр сууриас оролцоод эхэллээ. Асуудлынхаа шийдлийг гаргах гэж бужигналдаж байна. Ингэж өөрчлөгдөж байгаа нийгэмд нэг нэвтрүүлэг хийгээд асуудлыг мушгиж харуулна гэдэг их гэнэн мөрөөдөл. Тэр хүмүүс нийгмээ сайн мэдэрч, залуусыг ойлгож, тэдний долгион дээр ажиллаж чаддаг болох хэрэгтэй. Уг нь бизнесмэнүүд эрсдлээ тооцож чаддаг хүмүүс. Паркад хөрөнгө оруулалт хийж чадахгүй, мөнгө босгох боломжгүй, өнөөдрийн үйл ажиллагааг нь авч явж чадахгүй болчихсондоо л “Бодь” групп ингэж захиалгат нэвтрүүлэг хийлгэж байна гэж дүгнэхээс өөр арга алга.
-Нэвтрүүлэгт ярилцлага өгч байхад танд ямар байсан бэ. Доромжлуулж байгаа мэдрэмж төрсөн үү?
-Паркаа аврах хөдөлгөөн ариун зорилготой ажил байгаа юм. Нэвтрүүлэгт оролцохоор очихдоо  ийм сэтгэгдэлтэй оролцсон. Би Улсын Их Хурлын гишүүн болох гээд, өшөө илүү карьер хэрэгтэй болоод очсон юм биш. Нэвтрүүлгийн үед надад ямар байсан нь чухал биш. Харин ч эсрэгээрээ өнөөдөр би баяртай байна. Бүх асуудал нийтэд ил тод, хэн хэнийх нь зорилго тодорхой асуудал дээр энэ хүмүүс ингэж тэнэгтэх хэрэг байсан юм байх даа гэж бодсон. Үүл баатрынхаа төлөвлөгөөг хүлээгээд байсан бол хэдэн ч жил болох байсан юм. Гэтэл хүмүүс нь өөрсдөө гал асаагаад гаргаад ирсэн. 
-Яагаад хүлээгээд байсан тухай тодруулмаар байна?
-Бидэнд хүүхэд залуусын парк л хэрэгтэй болохоос хэн нэгэн буруутан хэрэггүй. Тиймээс бид маш тэвчээртэй хүлээсэн.
-Нэвтрүүлгийн үед ямар сэтгэгдэл төрж байсан гэдэг талаар хариулсангүй?
-Захиалгатай, мөнгөний төлөө ажил хийхээрээ, хөлсний  хүн ямар бүдүүлэг болдгийг ил тод харуулсан. Энэ нэвтрүүлэг өнөөгийн нийгэмд цоо шинэ ойлголт өглөө. Мөнхбат гэдэг хүн нэвтрүүлгийн үеэр гомдсон, гомдоогүй гэдэг 37 дугаар асуудал. Би энэ зэргийн нэвтрүүлэгт ороод тэр зэргийн доромжлол сонсоод гуньж гутраад байхгүй, ёстой яршиг байна.
-Яагаад үүнийг тодруулж асуугаад байна гэхээр та А.Мөнхбат гэдэг хувь хүнийхээ хувьд биш Монголын залуусыг төлөөлж тэр нэвтрүүлэгт очсон. Гэтэл хөтлөгч залуусыг цаг үеэр нь тархины гажигтай гэж доромжилж байна. Та дуугүй, хүлцэнгүй байх эрхгүй хүн гэж л асуугаад байна?
-Нэг тэнэгтэй хэрэлдэх бол нэг асуудал. Тэр олон тэнэгүүдийг нийтээр нь унагаах, бодит байдлыг харуулах нь хамгийн чухал байсан. Тиймдээ ч тэнд нэг хүнтэй барьцалдах авах миний зорилго байгаагүй. Тэр үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой учир бид шүүхэд хандана. Б.Болдсайханыг өнөө өглөө манай байгууллагын Хууль эрх зүйн хорооныхон стратегийн өмгөөллийн фирмтэй гэрээ хийгээд шүүхэд өгсөн. Тэр хүн Монголын залуучуудыг, байгууллагыг, А.Мөнхбат гэдэг хүнийг доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой.
-Энэ нэвтрүүлгийн бичлэг хавар хийсэн гэлээ. Яагаад заавал өнөөдөр нийтэд үзүүлэх болсон юм бол?
-Би бас энэ асуудалд их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байна. “Голомт” банктай холбоотой маш том асуудал үүссэн. Харилцагчид нь бужигнаантай байгаа энэ үед өөрсдөө захиалж нэвтрүүлгийг гаргаж байгаа нь сэжиг төрүүлж байна. Удахгүй манай банк дампуурсан нь “Паркаа аваръя” хөдөлгөөнтэй холбоотой гэж ярих гэж байна уу, эргэлзэж байгаа шүү. “М-Си-Эс”-ийн төлөөлөл хальт хэдэн үг хэлсэн. Хаа байсан Х.Баттулга сайд гарч ирсэн. Х.Баттулга сайдын хувьд анх паркийн тухайд биднийг тууштай дэмжигч байсан. Энэ агуулгаараа орж ирсэн байж болно. Гэхдээ түүний ганцхан санааг л нэвтрүүлэгтээ оруулсан. Сэжигтэй зүйл олон байна.
-Энэ нэвтрүүлэг таньд хандсан анхны дохио юу, эцсийн арга уу?
-Би аргаа барсан байна гэж ойлгож байна.
-Хувь хүнд чинь хандаж өмнө нь янз бүрийн санал тавьж байсан уу?
-А.Мөнхбат гэдэг хүнийг тэд тодорхой хэмжээгээр мэднэ. Тэд надтай яаж ярих вэ гэдгээ сайн мэдэж байгаа. Надад мөнгө өгье гэж хэлэх зоригтой хүн байхгүй. Гэхдээ л маш их гэнэн зүйл хийж байна. Би ч ялгаагүй. Залуучуудын байгууллагад ажиллаж эхэлснээс хойш их гэнэн цайлган болчихсон юм байна гэдгээ ойлголоо. Магадгүй, тэр нэвтрүүлэгт очиж оролцохгүй байх ёстой байсан  байж болох юм.
-Та өөрт байгаа нэг цаг 30 минутын бичлэгээ нийтэд дэлгэх үү?
-Шаардлагатай бол үзүүлнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинчлэх төслийн удирдагч Б.Батнягт биднийг паркийн газрыг өөрсдөө авах гэж байна гэж гүтгэсэн мэдэгдлийг олон удаа хийсэн. Бид авахгүй гэдгээ хэлсэн. Хэлэлцүүлгийн төгсгөлд энэ тухай би тодорхой хэлсэн. Бичлэгүүд байгаа. Тиймээс Б.Батнягтыг гүтгэсэн гэдэг асуудлаар шүүхэд өгсөн. Бид асуудлыг баримттай ярина.
-Паркаа аврахын төлөө хийх дараагийн ажил юу байна?
-Хүлээж боллоо. Үүл баатрыг паркаа аврах төлөвлөгөөгөө хурдан танилцуулахыг шаардана. Тойрч суугаад ярилцъя, хүүхдийн паркаа ирээдүйд ямар болгох вэ гэдгээр нэгдсэн ойлголттой, дүр зурагтай болъё гэсэн чинь болдогггүй юм байна. Одоо бол хулгайчийг хулгайчаар нь, луйварчныг луйварчнаар нь нэг талдаа гаргах ёстой юм байна. Хүүхдийн парк бол зөвхөн эхлэл. Хүүхэд залуучуудын ордон, залуу зохион бүтээгчдийн ордон, номын сан, зуслан, соёлын төв гээд хүүхэд, залууст зориулж барьсан атлаа өнөөдөр луйварчдын гарт орсон 200-аад барилга байгууламжийн асуудал байна. Урлан бүтээх төвийг хар. Бүх газрыг нь зараад идчихсэн нэг нөхөр “Би хүүхдийн ордныг ийм гоё болголоо” гээд нүүр нь улайхгүй сууж байна.
-Мөрөөдлийн юм шиг сонсогдож байна. Парк гэдэг хүн бүхний мэддэг газар. Ганцхан үүнийг шийдэж чадахгүй байхад бусад нь хол байна?
-Хийх хэрэгтэй. Олуулаа нэгдэх ёстой. Уран шийдэл гаргах үүрэгтэй. Бид өөрсдийгөө хүүхдүүдээ бодож оролцмоор байна. Нэгдээд эхэлбэл энэ байдал өөрчлөгдөнө. Хүүхдийн баяр өнгөрөөгөөд маш олон шат дараалсан ажлуудыг хийнэ. Зүгээр суусныхаа төлөө бид мушгиуллаа. Тиймээс нэг ч өдөр зүгээр суухгүй, амар заяаг нь үзүүлэхгүй.
-“100 чухал сэдэв” нэвтрүүлгийн бас нэг зорилго нь сайхан зүйл хийх гээд байхад энэ нөхөд саад болоод байна гэсэн ойлголтыг үзэж байгаа бидэнд өгөхөд байжээ гэж харсан. Та бүхэн тэднээс яг юу шаардаад байгаа юм бэ?
-“Бодь” группээс бид үлдсэн 19 га талбайдаа тоглоом байгуулаач ээ гэсэн. Үгүй гэвэл ногоон байгууламж болгох. Хашаагаа нээгээч гэж хүссэн. Өнөөдөр Сүхбаатарын талбай, Ялалтын талбай яаж дүүрч, чихэлдэж байна. Залуучууд очих газаргүй болсон. Хүүхдүүдээ тоглуулах, болзох газаргүй байна.
-Паркад тоглох багц үнийн санал танилцуулсан. Тэр юу болсон бэ?
-Хавар нийтэд энэ тухай танилцуулсан. Хоёр хүүхэдтэй гэр бүл 100 мянган төгрөгөөр нэг удаа орох багц үнэ байсан. Аав ээж хоёр тоглохгүй. Хүүхдүүд бүх тоглоом дээр тоглож чадахгүй. Одоо байгаа үнэ ч үнэтэй гэж хүмүүс хэлдэг. Парк Өрсөлдөөний тухай хуулиар зүй ёсны монополь байгууллага. Ийм байгууллагын төлбөрийг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтоох хуультай. Бид паркийн санал болгох гэж байгаа үнийг хянах, хуулиар хүлээсэн ажлаа хийх талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандсан. Тэд шуурхай хандсан. Хуучин мөрдөж байсан тарифаар үйлчлэх шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнд бас өширхөөд байгаа юм уу гэж хардаж байна.
-Хүүхдүүдийнхээ тоглох газраас соёлтой байдлаар хулгайлж авчихаад нэг нэгэнтэйгээ барьцаад тэр өгвөл би өгнө гээд сууж байгаа нь өнөөдрийн эмгэнэл. Энэ байдлыг шууд таслан зогсоох хэрэгтэй юм биш үү?
- Э.Бат-Үүл даргыг тэр хэмжээний төлөвлөгөө оруулж ирнэ гэж хүлээж байгаа. Өмнөх Хотын даргын захирамжийг Хотын дарга л цуцална.

Л.Энхтуяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш