logo
АНУ-ын индексүүд дахин унав

АНУ-ын индексүүд дахин унав

2011/08/13
АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр энэ долоо хоногт хоёр дахь удаагаа биржийн гол үзүүлэлтүүд унажээ. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт болсон Доу Жонс индекс лхагва гарагт 519,83 пунктээр /4,62 хувь/ унаж 10719,48 пункт болов. Тийнхүү Америкийн зах зээлийн хувьд гол үзүүлэлт хоёр долоо хоногийн дүнгээр 2000 гаруй пунктээр /15 хувь/ унаад байна. Америкийн зах зээлийн хамгийн том 500 компанийг нэгтгэсэн «Стандард энд Пурз-500» индексийн ханш 51,77 пунктээр унаж, 1120,76 пунк болжээ. Өндөр технологийн компаниудын хувьцааны дийлэнхийг нэгтгэсэн НАСДАК электрон биржийн индекс 101,47 пунктээр буурч, 2381,05 пункт болсон байна.
АНУ-ын арилжааны талбарын уур амьсгал 2008 оны сүүлээр ажиглагдсан шиг сандралд ороход ойрхон байна гэж америкийн ажиглагчид цохон тэмдэглэжээ. Тэр үед хэдэн өдрийн турш индексүүдийн ханш эрс өсч, эсвэл унаж байгаад аажмаар буурах шатандаа орсон билээ. «Одоо бидний ажиглаж байгаа зүйл бол Европоос ирж буй айдас, тодорхойгүй байдал, цуу ярианы уур амьсгалын уршиг юм» гэж Америкийн зөвлөгөө өгдөг «Экселша инвестмент эдвайзорс» товчооны хөрөнгө оруулалтын захирал Клифф Дроун мэдэгджээ. «Атлантын далайн нөгөө эргийн үйл явдлаас ингэж их хараат байгаа нь манай эдийн засгийн эмзэг байдлыг маш тодорхой илтгэж байна» гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Лхагва гарагт үнийнхээ бараг 11 хувийг алдсан, АНУ-ын томоохон «Бэнк оф Америка» банкны хувьцааны ханш дахин унана гэж ажиглагчид үзэж байна. Америкийн санхүүгийн тэргүүлэгч «Ситигруп» болон «Сантраст» корпорацийн хувьцаа ч бас унах аж. Харин Америкийн хий олборлогч «Кэбот» компанийн үнэт цаасны ханш 12,5 хувиар өссөн байна.
Сүүлийн өдрүүдийн зах зээлийн тогтворгүй үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдыг үнэт цааснаас арай эрсдэл багатай түүхий эд болон үнэт металл руу мөнгөө шилжүүлж эхлэхэд хүргэжээ. Үүнтэй холбоотойгоор алтны үнэ ээлжит удаа дээд хэмжээнд хүрч, унц нь 5,16 доллароор өсч, 1784,30 доллар болсон байна. Тэрчлэн унц мөнгө 37,88-аас 39,33 болж өсчээ.
Б.Наран
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш