logo
А.Мөнхбат: Монголын сэтгүүлзүйг дорд үзэж буй хэрэг

А.Мөнхбат: Монголын сэтгүүлзүйг дорд үзэж буй хэрэг

2013/05/29
“Монголын залуучуудын холбоо”-ны “Паркаа аваръя” хөдөлгөөний төлөөлөл Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар паркийн газрын асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хараахан шийдвэрт хүрч чадахгүй энэ асуудлын дэлгэрэнгүйг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас тодрууллаа.

-Саяхан телевизүүдээр ца¬цагдсан паркийн тухай нэвтрүүлгийн талаар танай хөдөлгөөний байр суурийг сонирхвол?
-Тавдугаар сарын 24-ний баасан гарагаас зарим телевизээр “Hero” энтертайнментийн бэлтгэдэг “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн нэгэн дугаарт паркийн асуудлыг хөндсөн нь олон түмний ундууцлыг ихэд хөдөлгөсөн. Сэтгүүлзүйн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, нэг талыг хэт баримталсан мөн захиалгат сэтгүүлзүйг өөгшүүлж байна гэж манай холбооноос үзэж байна. Манай холбооны зүгээс тус захирал Б.Баатар болон нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болдсайхан гэх хүмүүст Монголын нийт залуус, хүүхдүүдээс уучлал гуйхыг шаардсан бичиг хүргүүлж байна. Сэтгүүлзүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин, залуус хүүхдүүдийг илт дайрч доромжилсон нь Монголын сэтгүүлзүйг дорд үзэж буй хэрэг юм.

-Нэвтрүүлэг үнэхээр захиалгат байсан хэрэг үү?
-Үзэгчид мэдэж байгаа байх. Ер нь, манай улсад захиалгат сэтгүүлзүй хүчээ авч ноёрхсон учраас хэн мөнгөтэй нь дуртай зүйлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, дамжуулж байгаа нь ардчиллын үнэт зүйлийг үгүй хийж, гажуудуулж байна. Энэ талаар “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэх мэт холбогдох байгууллагууд үзэл бодол байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан хэн дуртай нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хүүхэд залуусыг доромжлох нь байж болшгүй зүйл. Уг нэвтрүүлэг анхнаасаа паркийн асуудлыг нэг тийш нь шийдье гэсэн агуулгатай юм байна гээд оролцоход хэргийн мөн чанарыг мушгин гуйвуулах гэсэн оролдлого бүхий захиалгат нэврүүлэг гэдгийг үзсэн хүн бүр ойлгосон байх. Хэвлэлийн эрх чөлөө, ардчилал, ил тод байдал гээд ярьдаг ч бодит байдалд захиалгат сэтгүүлзүй манай оронд ямар хүчтэйг энэ нэвтрүүлгээр харууллаа гэж ойлгож байна. Бид зөв асуудлынхаа үзүүрээс зуурч авсан. Биднийг илүү идэвхтэй ажиллуулах ташуур ч боллоо.

-“Паркаа аваръя” хөдөлгөөний цаашдын үйл ажиллагаа чиглэл?
-Одоо бид хотын даргыг паркаа аврах төлөвлөгөөгөө танилцуулахыг хүлээж байна. Боловсруулж байгаа гэж хэлээд биднийг өдийг хүртэл хүлээл¬гэлээ. Хүлээлгэж байгаа шалтгаан нь аль нэг компани, хувь хүн, албан байгууллагаас ямар нэг хамааралгүй гэдгийг тайлбарлахыг шаардаж байна. Залуустаа хандахад “Тайван бай, өнөөдөр бид хэн нэгэнд ашиглагддаг, үйлчилдэг, хий хоосон уриалгад итгэн гүйж очиж жагсдаг үе өнгөрсөн.  Бид илүү ухаалаг байж, үр дүнгээ зөв тодорхойлсон ажлуудыг хийх болно” гэж хэлмээр байна.

-Энэ асуудалд холбоотой байгууллагуудын байр суурь ямар байв?
-Хамгийн сүүлийн үеийн мэдээл¬лээр нийслэл хувь эзэмшлээ тодор¬хойлохын тулд ажлын хэсэг гарган “Бодь” групптэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Ойрын хугацаанд тодорхой шийдвэрт хүрэх байх гэж найдаж байна. “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн ч маш тэвчээртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. “Эм Си Эс” компанийн хувьд барьж буй барилгынхаа 1-5 давхрыг хүүхэд залуучуудад зориулсан үйлчилгээтэй болгоно гэсэн. Үүнийгээ ажил хэрэг болгох үүднээс хотын удирдлагуудтай гарын үсэг зурахад бэлэн гэдгээ ч хэлсэн. Гэхдээ энэ нэвтрүүлгээр тус компанийн төлөөлөл болох хүн төдийлөн ам нээгээгүй нь бас л сонирхолтой. Анх Японы “Иточу” гэдэг компанитай Диснейлэнд байгуулна гэж нийслэлтэй гэрээ хийж, газрыг нь эзэмшүүлэхээр ч өгсөн. Тэр цагаас хойш хоёр ч удаа гэрээнд өөрчлөлт орсон. Дараа нь, “Иточу” компани гэнэт алга болчихсон бөгөөд тухайн үед хийсэн гэрээ, хувь хөрөнгөө “Итосан” гэдэг “Бодь” группийг үүсгэн байгуулагч компанид бэлэглэсэн байдаг. Тэр үеээс хойш бэлэглэлийн гэрээ болон бусад баримт бичиг нь олдохгүй болчихсон хэдий ч “Паркаа аваръя” хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гэрээ хэлэлцээр болоод бусад баримт бичгийг албан ёсны болгож эхэлсэн. “Бодь” болон “Мон-Уран” хоёрын маргаан одоо ч гэсэн шүүхээр шийдэгдээгүй маргаантай хэвээрээ л байна. Наранхүүгийн зүгээс “Бодь” газраа өгвөл би ч гэсэн өгнө хэмээн мэдэгдсэн. Тийм учраас энэ асуудал хэрхэн хаашаа эргэх вэ гэдэг нь “Бодь” групп-ээс ихээсэн хамааралтай болж байна.

Эх сурвалж: Ардчилал сонин

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш