Өндөр түвшний улс төрийн уулзалтын 4 салбар хуралдаанаар уг санаачилгад оролцогч орнуудаас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн, цаашид дангаараа буюу хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, салбар асуудал бүрээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Таслан зогсоох чадавхи, туршлагыг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг зөөвөрлөх систем, холбогдох материалыг үл дэлгэрүүлэх, тийм үйлдлээс урьдчилан сэргийлэх чадавхийг цааш улам бэхжүүлэх арга замыг судлан, холбогдох арга хэмжээ авах, өөрсдийн мэдэлд байгаа арга хэрэгсэл, нөөц, туршлагаасаа хуваалцаж байхыг нийт оролцогч орнуудад уриалсан байна.
Жинтэй санаачилга гаргах явдлыг хангах тухай Хамтарсан мэдэгдэлд оролцогч орнуудын чадавхийг сайжруулах, боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагааг санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх явдлыг дэмжих, бүсийн хэмжээний арга хэмжээг ээлжлэн зохион байгуулах, Санаачилгад оролцогч орнуудын улс төрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж байхын ач холбогдлыг тэмдэглэжээ.
Үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд, Санаачилгад оролцогч орнуудаас хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мэдээллийн солилцоог сайжруулах, үндэсний холбогдох байгууллагуудыг бэхжүүлэх, энэ чиглэлээрх олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг авч үзэхийг уриалсан байна.
Стратегийн харилцаа холбоог өргөжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд, Санаачилгад нэгдээгүй байгаа улс орнуудад түүний зорилго, ач холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах, улмаар Санаачилгад нэгдэн орохыг уриалах, мөн олон нийт, хувийн хэвшлийнхэнд зориулан Санаачилгын үйл ажиллагааны зарчим, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл түгээх тухай тусгажээ.
Энэ онд 10 дахь жилийнхээ ойтой золгож буй уг олон улсын хамтын ажиллагааны энэхүү үйл явц эдүгэ дэлхийн 102 орныг эгнээндээ нэгтгээд байна.