logo
Дани улс дах Өргөмжит консулд хүндэтгэл үзүүлэв

Дани улс дах Өргөмжит консулд хүндэтгэл үзүүлэв

2013/06/03
Монгол Улсаас Дани Улсыг хавсран суугаа Элчин сайд Б.Энхмандах томилолтын хугацаа нь дуусгавар болж байгаатай нь холбогдуулан Дани Улсад суугаа Монголын Өргөмжит консул, саяхан 80 насныхаа ойг тэмдэглэсэн Сөрэн Хаслунд-Кристенсенд хүндэтгэл үзүүлж, Стокгольм хотноо оройн зоог барив.

Өргөмжит консул Сөрэн Хаслунд-Кристенсен нь 2008 оны 10 дугаар сараас эхлэн Дани Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаа бөгөөд нас өндөр болсон тул энэ онд Өргөмжит консулын ажлаа хүлээлгэн өгч байгаа юм.

Түүний эцэг Хеннинг Хаслунд-Кристенсен 1923 оноос эхлэн Төв Ази, тэр дундаа Монголд Дани, Шведийн эрдэмтэн, судлаачдын хамтаар хэд хэдэн удаа аялж байсан бөгөөд Монгол орныг Дани улсад анх таниулсан нэртэй аялагч, антропологич хүн байсан юм. Тэрбээр Дани улсын Үндэсний музейд Монгол судлал, монголын соёлын өвийн чиглэлээр дэлхийд томоохонд тооцогдох цуглуулга бүхий үзмэрийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байжээ. Сөрэн Хаслунд-Кристенсен нь өөрийн эцгийн үйл хэргийг залгамжлан авч, Монгол орныг таниулан сурталчлах ажлыг 1980-аад оноос хойш хийж байгаа,  Данийн Хатан Хааны гэр бүлд ойр, нөлөө бүхий хүн бөгөөд ЭСЯ-ны үйл ажиллагааг тогтмол дэмжиж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн юм.

Элчин сайд Б.Энхмандах Өргөмжит консултай уулзах үеэрээ түүний Дани-Монголын харилцаанд оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлдэгээ илэрхийлэн ЭСЯ байгуулагдсан цагаас эхлэн туслаж, дэмжиж ирсэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш