logo
Монгол-Беларусын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол-Беларусын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2013/06/03
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-нд Минск хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг  Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Беларусийн талаас тус улсын Гадаад харилцааны дэд сайд В.Б. Рыбаков нар тэргүүлж оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон бөгөөд багагүй хугацаанд саатаад байсан хоёр улсын харилцаа өнгөрсөн оноос эхлэн идэвхжиж байгааг талууд онцлов.
Хоёр тал улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал хийж байхын чухлыг онцлон тэмдэглэлээ.

Худалдаа эдийн засгийн харилцааг өнөөгийн нөхцөлд тохируулан өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор ирэх 6 дугаар сарын эхээр Бүгд Найрамдах Беларусь Улсын Үйлдвэрийн дэд сайд, Монгол, Беларусийн ЗГХК-ын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородниковаар ахлуулсан, салбар бүрийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг Монголд айлчлуулахаар тохиролцсон юм.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг тус улсын Ерөнхий сайд М.В Мясникович, Гадаад харилцааны сайд В.В. Макей Үйлдвэрийн дэд сайд А.С. Огородников нар хүлээн авч уулзав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш