УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Сингапур Улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2013” дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Тус уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Канад Улсын Батлан хамгаалахын сайд Петер Маккэй, Сингапур Улсын Батлан хамгаалахын сайд др.Энг Хэйн нартай энэ сарын 31-нд хоёр талын уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түүний цаашдын төлвийн талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд болон албаны бусад хүн байлцлаа.
Сайд Д.Бат-Эрдэнэ, Петер Маккэй нар уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ салбарт хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс суурийг тавьсан маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд цаашид энэхүү санамж бичигт туссан хамтран ажиллах чиглэлүүдийг ажил хэрэг болгож, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа харилцан илэрхийллээ.
Сингапур Улсын Батлан хамгаалахын сайд др.Энг Хэйн Монгол Улсын батлан хамгаалах гадаад бодлого, ялангуяа манай энхийг сахиулагчдын дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж улмаар энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор Монгол Улс батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлж буй өвөрмөц загвар болж буйг ихэд сонирхож байлаа.