Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхимд” “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам болон Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт гадаад дотоодын эдийн засагч, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэнд хүрэлцэн ирсэнд гүнээ талархал илэрхийлье. Монголын хөрөнгө оруулалтын бодлоглод сүүлийн үед нэлээд өөрчлөлтүүд орж байгаа. Тэр дундаа орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, үүнд иргэдийг оролцоог уялдуулах бодлогыг 2012 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Төсвийн тухай хуульд бодитоор тусгасан. Өнгөрсөн хугацаанд Монголын дөрвөн яамнаас гаргасан судалгаа орон нутагт хийх хөрөнгө оруултын талаарх нарийн мэдээллийг бидэнд хүргэсэн. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас хөдөө орон нутагт төсвийн шинэ харилцааны чиглэлээр сургалтуудыг зохион байгуулсан. Бид нийт 12 аймаг, 200 гаруй сумд хүрч ажилласан. Сургалт явуулахын зэрэгцээ бид тодорхой хэмжээний судалгаа хийж, хангалттай ойлголт авсан билээ” гэв.
Дараа нь Дэлхийн банкны мэргэжилтэн Захид Хаснайн “Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь” сэдэвт илтгэл тавьлаа. Тэрбээр илтгэлдээ хотууд нь эдийн засгийн өсөлтийн үндэс байдгийг хэлж, төсвийн хуваарилалтын үр ашиггүй байдлыг онцоллоо. Монголын Засгийн газар дунд хугацааны төлөвлөгөөндөө Улаанбаатар хотын хэрэгцээг тусгаагүй, улсын хэмжээнд явагдаж буй авто зам болон зам засварын ажлын сул талуудыг шүүмжиллээ. Тухайлбал Азийн хөгжлийн банкны судалгаанаас үзэхэд улсаас гаргаж байгаа хөрөнгө зам засварын хэрэгцээний дөнгөж 20 орчим хувийг хангадаг, нийт авто замын 60 гаруй хувь нь муу нөхцөлд байдаг, замын урсгал засварыг хийхгүй явсаар дахин шинэчлэх зардлыг 5-10 хувиар нэмэгдүүлдэг гэх зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг дурдав.
Захид Хаснайн Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яам нягт хамтарч, төлөвлөлт, төсөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах тал дээр ажиллах шаардлагатай буйг онцолсон байна. Тэрбээр төсөл хөтөлбөрүүдэд улс төрийн оролцооны сул талуудыг дурдаж, засгаас сүүлийн үед хэрэгжүүлж буй төслүүдийн мониторинг сул байгааг шүүмжиллээ.
Захид Хаснайн эцэст нь Улаанбаатар хот болон уурхайн төвүүдэд зарцуулах шинэ хөрөнгийн харьцааг нэмэгдүүлэх, зам засварын ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг өсгөх, төслийн бэлтгэлийг сайжруулах, төрийн худалдан авалтын нээлттэй хариуцлагатай болгох, иргэдийн шилжих хөдөлгөөний бодлогыг авч хэрэгжүүлэх, дэд бүтцийн эрэлт болон макро төсвийн тогтвортой байдлыг барих зэрэг санал дэвшүүллээ.
Дараа нь Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат дөрвөн яамны орон нутагт ажилласан судалгааны тайлангийн талаар илтгэл тавьлаа. Тэрбээр илтгэлдээ “Аливаа орны хөгжил төсвийн менежмэнттэй салшгүй холбоотой. Төсөв нь тухайн улс орны хамгийн том худалдан авагч, санхүүгийн урсгалын хамгийн чухал зохицуулагч юм. Харин Монголын хувьд төсвийн менежмэнтийн тал дээр учир дутагдалтай хэвээр байна. Өнөөдрийн төсвийн зарцуулалтыг хараад байхад бид 1990-ээд оны зарчмаасаа салж чадаагүй мэт сэтгэгдэл төрдөг. Мөн энэ шүүмжлэлийг гадаадын мэргэжилтнүүд удаа дараа хэлснийг Захид Хаснайн үргэлжлүүлээ шүү дээ.
Бид саяхан дөрвөн яамны судалгааны дагуу нийт 330 суманд очоод ирлээ. Энэ нь урд өмнө нь хийж байгаагүй далайцтай, өргөн хүрээтэй судалгаа юм. Бараг айл бүхэнтэй уулзаж, иргэдийн саналыг сонслоо. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд бидний санаанд ороогүй тоо гарсан. Бараг 20 гаруй мянган төслийн санал гарч ирсэн” хэмээн ярив.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьлаа. Тэрбээр орон нутгийн хөгжлийн сан, түүний зарцуулалтад иргэдийн оролцоог хангах чиглэлээр илтгэл тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар орон нутгийн төсвийн эрх мэдэл иргэдийн оролцоотойгоор нэмэгдсэн. Энэ оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн бүрэн мөрдөгдөж эхэлсэн Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулалтын бүхий л шатанд иргэд оролцдог болсон бөгөөд иргэдийн оролцоог хангах арга хэмжээ төрийн болон иргэдийн зүгээс ямар шатанд явж байгаа, тулгарч буй саад бэрхшээлүүд тэдгээрийг хэрхэн даван туулах арга замын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Хэлэлцүүлэг чөлөөт ярилцлага, асуулт хариултаар үргэлжилж, оролцогчид өөрийн санал бодлоо илэрхийллээ.