logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийг хүлээн авч уулзав

2013/06/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Та бүхний хүрэлцэн ирсэн явдалд гүнээ талархал илэрхийлье. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Байгаль орчноо хамгаалах санал санаачлага, ажил үйлс бүхнийг бид дэмжиж, хамтран ажилах болно. Энэ тал дээр та бүхэн манай Засгийн газарт бүрэн найдаж, тусламж дэмжлэг чөлөөтэй авах боломжтой.  

Монгол Улс нээлттэй, ардчилсан улс орон. Бид байгаль орчны асуудлаар ард иргэдийнхээ саналыг чөлөөтэй сонсож, үзэл бодлыг нь хүлээн авдаг. Миний бодлого ард иргэд болон байгаль орчин гэсэн үндсэн хоёр чиглэлд салаалдаг. Иймээс бид ард иргэдийнхээ саналд үндэслэн байгаль орчинтой холбоотой бүх бодлого стратегийг боловсруулдаг” гэв.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер хэлэхдээ ”Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та биднийг хүлээн авч уулзсанд гүнээ талархаж байна. Монголчууд байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд үнэхээр ач холбогдол өгдгийг харахад сэтгэл хангалуун байна. Таны манлайллын хүрээнд Засгийн газар болон бусад байгууллагууд энэ бүх ажлыг эхлүүлээд явж байгааг харахад сэтгэл бахдаж байна.

Монголын хөгжил цэцэглэлт, ногоон бодлогын талаар өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэх болжээ. Нүүдэлчний соёл, ёс заншлаараа монголчууд дэлхийд ялгардаг. Ийм онцлогтой улс орны хувьд суурин иргэншилд шилжин, эдийн засгаа ногоон хөгжилтэй хослуулахад бэрхшээл тулгарсан биз.

Сүүлийн үед бид Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа. Байгаль орчны асуудалд үнэхээрийн их ач холбогдол өгч, ногоон хөгжлийг дэмжиж байгаа Монголын төр засагт баяр хүргэмээр байна” хэмээв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг хатагтай С.Оюун тэргүүлж байгаа. Ногоон хөгжлийг Монголдоо төдийгүй дэлхий нийтэд харуулж, та бүхэнтэй идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын ногоон хөгжлийг том ирээдүй хүлээж байгаа. Учир нь манай ард иргэд ногоон хөгжлийг сонгосон. Нөгөө талаас Монголд сэргээгдэх эрчим хүчний чамгүй нөөц байгаа нь бидэнд асар их боломж олгож байна. Бид ирээдүйд сэргээгдэх эрчим хүчээ ашиглах тал дээр бүс нутагтаа тэргүүлж, ногоон хөгжлөөрөө үлгэр жишээ үзүүлсэн улс болно гэсэн зорилт тавин ажиллаж байгаа” гэв.

Аким Штайнер хэлэхдээ “Байгаль орчноо хамгаалах та бүхний хичээл зүтгэлийг үнэлж, бид цаашид дэмжин хамтран ажиллах болно. Энэ жил Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд зохион байгуулж байгаа зөвхөн эхлэл. Бид үүгээр зогсохгүй бүх талаар дэмжиж, байгаль орчинд ээлтэй Монголын нэрийг дэлхий нийтэд алдаршуулахын төлөө ажиллах болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсыг сонгож, Дэлхийн байгаль орчны өдрийн арга хэмжээг зохион байгуулсанд талархаж байна. Энэхүү арга хэмжээ бидэнд үр өгөөжтэй, харилцан ашигтай болно гэдэгт итгэж байна” гэв.

Аким Штайнер сүүлд нь хэлэхдээ “Монголд анх удаа зочилж буйдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Биднийг халуун дотноор хүлээн авч, бүх талаар дэмжин хамтран ажилласан Монголын Засгийн газар болон нийт монголчуудад гүнээ талархаж байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш