logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Байгаль орчны чиглэлд гаргаж байгаа санал, санаачилга бүрийг Монгол Улс дэмжих болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Байгаль орчны чиглэлд гаргаж байгаа санал, санаачилга бүрийг Монгол Улс дэмжих болно

2013/06/04

Жил бүрийн 6 дугаар сарын 5-ны Дэлхийн байгаль орчны өдөр улс бүхэн  байгаль орчныг хамгаалах талаар хийсэн бүтэн жилийн ажлаа олон нийтэд сурталчилдаг, бас шинэ зорилтоо дэвшүүлдэг. Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар  улс орнууд тэмдэглэсэн бөгөөд энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж,  улс төрийн зөв шийдвэр гаргах   үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

            Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудлуудад  дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,  тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Нийт хүн төрөлхтөнд танил болсон,   үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачилга, үйл ажиллагааг идэвхжүүлэх,  байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх,  мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд бас чиглэдэг.
            Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын өмнө Бразил улс орнуудын удирдагчдыг эх орондоо хүлээн авч,  2012 оны Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль орчны салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд шагнал “2012 оны эх дэлхийн бодлогын манлайлагч” шагналыг хүртсэн юм. Уг арга хэмжээний үеэр 2013 оны Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхийлөгч  тавьжээ.  2013 оны 1 дүгээр сард болсон Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мөн энэ талаар дахин ярилцан саналаа дэвшүүлсэн байна.
            2013 оны 2 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Кени Улсад зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр болсон Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулганаар энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах болсон тухай НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна.
            Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оны  уриа нь Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бодъё, хэрэглэе, хэмнэе /Хоол, хүнсний хаягдлыг багасгая/” бөгөөд энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон бусад хамтрагч байгууллагуудаас энэ оны эхээр санаачилсан хоол хүнсний хаягдал, хомсдолыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон улсын аянтай агуулга, утга санаа нийцэж байгаа юм.
Ийнхүү ногоон хөгжлийн үндэсний чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.
“Дэлхийн байгаль орчны өдөр Монголд” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг
            НҮБ-ын орлогч дарга бөгөөд НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал эрхэм хүндэт Ким Шрайнедэр, энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, хатагтай ноёдын энэ өдрийн амар амгаланг эрж дэлхийн байгаль орчны өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна.
            Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдрийг Дэлхийн улс бүр, Байгаль орчны чиглэлд ажилладаг төр засгийн байгууллагууд, иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагууд тэмдэглэж байгаа гэдгийг энд хэлэхэд таатай байна. Дэлхийн Байгаль орчны өдрийг тэмдэглэх Дэлхийн зочин орноор Монгол Улсыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр сонгосонд баяртай байна. Байгаль орчны хөтөлбөрийг тэмдэглэх Дэлхийн зочин орон болно гэдэг Монгол Улсын хувьд асар их хариуцлагатай, нэр хүндтэй үүрэг юм. Ер нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сэдвээр Монгол Улсын нэр хамтдаа яригдана гэдэг бол их чухал зүйл. Дэлхийд Монгол Улсын нэр гарах сайхан боломж юм. Би хувьдаа энэ бол их сайн сэдэв гэж бодож байгаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь манай ард түмний хувьд, Монгол Улсын Засгийн газрын хувьд их хүндтэй үүрэг гэдгийг дахин хэлэх хэрэгтэй.
            Бид саяхан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлын үеэр өнгөрсөн 20 гаруй жилд олсон ололт амжилтынхаа тухай ярьж олон улсын анхаарлыг өөрийнхөө орон руу чиглүүлж чадсан. Өөрсдийнхөө туршлага сургамжийг хуваалцаж чадсан. Өнөөдөр бид байгаль орчны салбарын өнгөрсөн 20 гаруй жилийн сорилт бэрхшээлүүдийн тухай, мөн одоо тулгамдаж буй хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар дэлхий нийтэд, олон нийтэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран ярих гэж байгаа нь их чухал юм гэдгийг хэлэх нь зөв байх аа.
            Ер нь Монголчууд байгальд ээлтэй амьдарч ирсэн хүмүүс. Монголчуудын байгальд ээлтэй уламжлал, зан заншил хэдэн мянганаар тоологдох байх. Монгол төр байгальтай холбоотой хууль тогтоомж, зарлиг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн үе бол Эзэн Чингис хаанаас өмнө Хүннүгийн үеэс эхэлдэг. Судар бичгүүдэд энэ тухай байдгийг та бүхэн мэднэ. Ер нь байгаль орчинд халтай хандах, усны ундрагад бохир оруулах юм бол хүнд ял шийтгэл оноодог байсан. Түүнд заавал хариуцлага тооцдог байсан. Энэ бол Монгол Улсад олон зууны уламжлалтай юм шүү. Ер нь Монгол хүн ойрын хамаатнаасаа урьтаж байгалиа өмөөрдөг уламжлал, сэтгэхүйтэй хүмүүс. Энэ сэтгэхүй, бодлого бол Монгол Улсын төр, Засгийн газрын бодлогод уламжлан тусаж явдаг юм гэдгийг хэлье. Дээрээс нь уул усаа хүндлэх, газар тэнгэртэй хүндэлж харилцах, энэ өвөрмөц ёс заншил бол монголчуудын дунд мөнх оршиж ирсэн гэж хэлж болно.
            Өнөөдөр манай оронд байгаль орчинтой холбоотойгоор нүүрлэж буй хүндрэлтэй олон асуудал байгаа. Би тэдгээрээс гурван зүйлийг хэлье. Нэгдүгээрт цөлжилтийн асуудал. Цөлжилттэй холбоотой асуудал бол зөвхөн Монголын ч биш олон улсад нүүрлэж байгаа зүйл. Монгол Улсад бүр ч илүү их хурдацтай илэрч байгаа. Тиймээс цөлжилттэй холбоотой НҮБ-ын болон олон улсын хөдөлгөөнд энэ асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол улс тэргүүлэх эгнээнд явах ёстой гэж би хувьдаа боддог.
            Хоёрдугаар асуудал бол бэлчээрийн талхлалт. Ер нь бэлчээрийн журмаар Монгол Улсад 30 орчим сая мал байх боломжтой. Одоо 40, зарим үед 50 сая хүрдэг. Бэлчээрийн талхлалтын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх гэж ажиллаж байгаа. Цаашдаа олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой гэж бодож байна.
            Дараачийн нэг хүндрэл бол уул уурхайн хөгжил, ашигт малтмалтай холбоотой асуудал юм. Ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй хөгжлийн бодлогыг ашигт малтмалаа ашиглаж цааш хөгжих улс орны бодлоготой яаж уялдуулах вэ гэдэг асуудал. Ойрын жилүүдэд Монгол Улсын хувьд хамгийн их анхаарах шаардлагатай нэг зүйл энэ. Ер нь Монгол бол нээлттэй орон. Иргэн нь хүний эрхээ эдлэх боломжтой орон. Би хувьдаа байгаль орчныхоо талд асуудлыг хөндөж тавьдаг, энэ асуудлыг хуульдаа соргогоор хардаг нийт иргэддээ үргэлж талархаж явдаг. Энэ чиглэлийн иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагууддаа талархаж явдаг. Өнөөдөр Монгол Улсын төр засгаас гарч байгаа байгаль орчин, эдийн засагтай холбоотой ямар ч шийдвэр энэ хүмүүсийн саналгүйгээр гарах боломжгүй. Аливаа эдийн засгийн асуудлыг хичнээн ашигтай байсан ч байгаль орчинд нөлөөлөх хохирол нь их бол, хор хохирлыг нь шийдвэрлэх боломжгүй бол тэр төслийг зогсоох ёстой гэсэн байр суурь манай ИХ, Засгийн газрын түвшинд байдаг. Эдийн засгийн төсөл, ялангуяа уул уурхайн төслийг эхлүүлэхээсээ өмнө байгаль орчны үнэлгээг заавал хийсэн байх ёстой. Нөхөн сэргээлтийн асуудлыг шийдсэн байх ёстой. Энэ бол Монгол Улсын тууштай баримталж байх бодлого гэж бодож байна.
            Өнгөрсөн нэг хоёр жилүүдэд байгаль орчны арав гаруй хууль гарсан. Өмнө нь ч мөн олон хууль гарсан байдаг. Бид С.Оюун сайдтай хамтарч байгаад энэ хуулиудаа нэг дүгнэж үзье гэж бодож байгаа. Аль нь хэрэгжиж байна. Аль нь давхардаж байна. Аль нь болохгүй байна. Аль нь өнөөгийн шаардлагаас хоцорч байна вэ гэдэг дээр үнэлгээ хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа. Байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажиллагааны үнэлгээ, үнэлэмжийг бид дээшлүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд бидний хийх ажил их бий гэдгийг дурдах нь зөв байх.
Хүндрэл бэрхшээлүүд байгаа боловч зарим нэг ахиц ололт бий. 2009 оны дүнгээр ашигт малтмалын хайгуулын лиценз Монгол орны газар нутгийн бараг 44 хувийг эзэлсэн байсан. Монгол бол маш том газар нутагтай орон. Түүний 44 хувь гэдэг бол их том газар нутаг юм. Өнгөрсөн жилүүдэд бидний хамтарч явуулсан бодлогын үр дүнд энэ 44 хувь 4 дахин буурч 12 хувь болсон шүү дээ. Өмнө нь хоёр алхахад ашигт малтмалын зөвшөөрөлтэй талбай дээр гишгэдэг байсан бол одоо 9 алхахад чөлөөтэй болж байгаа юм. Ашигт малтмалын зөвшөөрөлгүй талбай дээр алхаж болж байгаа. Ийм үр дүн гарсан. Ашигт малтмалын чиглэлээр хууль дүрмээ өөрчлөхөөр сүүлийн хоёр гурван жил ярьж байгаа. Хууль дүрмийн өөрчлөлт удаан байна. Бид бүрэн зөвшлийг олж чадаагүй байгаа. Бүрэн шийдлийг олж чадаагүй байгаа. Ийм учраас бүрэн зөвшил, шийдлийг ольё. Зөвшиж шийдэж, энэ ашигтай малтмалын хууль эрх зүйн орчинг сайжруулъя гэж ярьж байгаа.
Сарын өмнө байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах тухай зарлиг гаргасан. Энэ зарлигийг бид дөрвөн жилийн өмнөөс ярьсан юм. Зуугаад жилийн өмнөөс өндөр хөгжилтэй, ялангуяа АНУ гэх мэт улс орнууд энэ үндэсний паркийг байгуулсан байдаг. Энэ  талаар сайн туршлага олон улс оронд бий. Тиймээс тэр сайн туршлага, өөрийн уламжлал, бодлого дээр тулгуурлаад энэ ажлыг хийх болно. Энэ чиглэлийн зохион байгуулалттай холбогдсон асуудлыг Засгийг газар, УИХ –тай хамтран шийдэх боломжтой гэж бодож байна.
            Манайд улсын тусгай хамгаалалттай газар нутаг, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг гэж байдаг. Газар нутгийн 17 хувийг эзэлдэг.  Байгалийн нөөцийн үндэсний паркийг байгуулснаар энэ хувь нэмэгдэж болно. Нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг хамарна. Энэ хэсгийг үнэхээр онгон дагшнаар нь авч үлдэх эрх зүйн боломж бүрдэж байгаа. Хамгийн гол нь энэ байгаль орчны асуудалд анхаарч, байгаль орчин ногоон хөгжлийн яам байгууллаа. Дэлхий нийтэд  ч ногоон хөгжил, байгаль орчин гэдэг хоёр зүйлийг яаж авч явах вэ, эдийн засгийн бодлоготой яаж уялдуулах вэ гэсэн маргаан байдаг. Ер нь энэ боломжтой юу, үгүй юу гэсэн эргэлзээ бас байдаг. Монгол Улсын хувьд бол энийг бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Яагаад гэхээр энэ ногоон хөгжлийн төлөөх сонголт , байгалиа хамгаалах сонголт бол манай ард түмний сонголт юм. Манай нийт иргэдийн сонголт. Нийт иргэдээс байгаль орчинд ээлтэй амьдрах ёстой юу, байгаль орчноо хамгаалах нь зөв үү, ийм бодлого явуулах хэрэгтэй юу гэж асуувал дийлэнх олонх нь дэмжинэ. Тиймээс ард иргэд маань юуны төлөө байна, ямар сонголт хийж байна төр засгийн байгууллага тэр сонголтыг дагаж, тэр сонголтыг бэхжүүлэхийн төлөө явах ёстой. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тийм олон оронд ч байхгүй. Ялангуяа хөгжиж байгаа орнуудад энэ үлгэр жишээ болохуйц зүйл гэж бодож байгаа. Энэ баг, энэ бодлого олон улсын хэмжээнд туршлагаа хуваалцах боломж цаашид гарна гэж найдаж байгаа.
            Дээрээс нь Монгол Улсын ногоон хөгжлийн үндэсний стратеги бий болно. Одоо Засгийг газар дээр ярьж байгаа. Цааш нь УИХ-аар оруулж батлуулахаар төлөвлөж байгаа. Тэгвэл Монгол Улс бүхэлдээ ногоон хөгжилд суурилсан бодлоготой орон болж хувирна. Монгол ногоон хөгжилд суурилсан ийм бодлоготой орон болох юм. Үүнийгээ бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жилийн байгаль орчны өдрийн сэдэв нь “Бодъё, хэрэглэе, хэмнэе”. Энэ сэдэв ч гэсэн бидний хувьд их чухал.
 Монгол Улс олон улсын хэмжээнд байгаль орчны асуудлаар олон санал, санаачилга дэвшүүлж ажиллаж байгаа. Бидэнтэй НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр байнга хамтран ажиллаж, бидний санал санаачилгыг дэмжиж байдагт туйлын их баяртай байна. Би эндээс гуравхан зүйлийг дурдах гэсэн юм. Нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүч. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Салхины болон нарны. Ази, Номхон далайн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний гол бүс, зангилаа байх боломжтой. Ийм судалгаанууд гарсан байдаг. Судалгааг үргэлжлүүлэн нэлээн эрчимтэй хийж байгаа. Судалгаа ер нь амьдралд хэрэгжүүлж болох юм байна гэсэн шат руугаа орж байгаа. Энэ судалгаанд дэлхийн нөлөө бүхий бидний ойр орчмын 17 орон нэгдсэн байдаг юм. Бас нэг сайхан мэдээ байна. Энэ сард манай Салхитад Монгол Улсын анхны салхин парк, нэг үгээр хэлбэл 50 мегабаттын чадалтай салхин станц, сэргээгдэх эрчим хүч ашиглалтад орох гэж байна. Үүнийг манай хувийн хэвшлийнхэн хийж байгаа. Ийм санал санаачилгыг маш их дэмжиж байгаа. УИХ, төрөөс хууль дүрэм, тариф, татаасын хувьд энэ дээр анхаарах шаардлагатай асуудлууд бий. Энэ чиглэлээрх олон асуудлыг бид зөв шийдэх хэрэгтэй.
            Хоёр дахь бидний санал санаачилга бол цөмийн хог хаягдлыг Монгол Улсад хүлээн авах, булшлахаас татгалзсан явдал. Бид энэ санаачилгыг НҮБ-ын индрээс олон улсад зарлаж байсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэзээ ч цөмийн хог хаягдлыг булшлах, байрлуулах, хүлээн авах тухай асуудал байхгүй шүү гэдгийг дахин хэлэх нь зөв байх.
             Гурав дахь санал санаачилга бол устай холбоотой. Энэ үйл ажиллагаанд олон удаа оролцож байгаа. Давосын хурал, НҮБ-ын энэ чиглэлийн санаачилгуудад бид нэгддэг. Монгол Улс “Усны асуудлаар НҮБ-ын бие даасан конвенц гаргах нь зөв. Ус бол хамгийн чухал зүйл. НҮБ-д бие даасан байгууллага байх ёстой” гэсэн байр суурийг баримталж, энэ санаачилга дээр хамтардаг. НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр бидний энэ санаачилга дээр хамтарна гэдэгт итгэж байгаагаа хэлье. Төгсгөлд нь хэлэхэд НҮБ-ын байгаль орчны хамгийн ойрын түнш орон бол Монгол орон шүү. Байгаль орчны чиглэлд гаргаж байгаа санал санаачилга бүрийг Монгол Улс дэмжих болно. Яагаад гэхээр энэ байгаль орчны талаарх санал, санаачилгууд Монгол Улсын төр засгийн бодлоготой, манай ард түмний сонголттой нийцэж байдаг юм.
Та бүхэнд их баярлалаа. Амжилт хүсье.
 
Хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын Дэлхийн байгаль орчны өдөр Монголд үндэсний чуулганд оролцож буй гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч, тэдний сонирхсон асуултанд хариуллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш