logo
Шинээр өргөн барьсан хууль, тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

Шинээр өргөн барьсан хууль, тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

2013/06/04
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны онцлог нь УИХ-ын гишүүд болон Засгийн газраас шинээр өргөн барьсан хэд хэдэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа явдал юм” гэдгийг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ эхэнд онцлов.

   УИХ-ын энэ долоо хоногийн хуралдаан, хэлэлцэх асуудлын хуваарийг өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталжээ. Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдээс гадна Хилийн боомтын тухай, Компанийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулиудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 5 ажлын хэсэг, маргааш Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, “Оюутолгой” компани 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэлх хугацаанд улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах зэрэг 3 ажлын хэсэг хуралдах юм байна. Харин Лхагва гарагт 2, Пүрэв гарагт 3 ажлын хэсэг хуралдахын зэрэгцээ Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг энэ сарын 3-5-ны өдрүүдэд маргаантай байгаа эмнэлгүүдийн эзэмшил газрын байдалтай танилцахаар төлөвлөжээ.

 Байнгын хороодын тухайд маргааш хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/; Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох юм.

  Харин Лхагва гарагт Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Хууль зүйн байнгын хороо Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслиийг хэлэлцэнэ. Мөн энэ өдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээлэл; тус байнгын хорооны 2012 оны 11 дүгээр 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн талаарх Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

  Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх байнгын хороодоор эдгээр хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон хэлэлцэх эсэхийг хэрхэн шийдвэрлэсэн байдлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг тэрээр сэтгүүлчдэд мэдээллээ.

 Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн хууль тогтоомжийн тухайлахад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж эцэслэн баталснаар гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг гүйлгээнд оруулан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн систем дэх найдвартай, тогтвортой ажиллагаа дээшлэхийн зэрэгцээ НҮБ, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын /ФАТФ/ гишүүн орны хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг онцлов.

 Мөн “Засгийн газрын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар хийсэн мэдээлэлдээ орон сууцны эрэл, нийлүүлэлтийг зохицуулах, үнэ ханшийг тогтвортой болгох үүднээс хэрэгжүүлж буй арга хэмжээ, Засгийн газраас орон сууцны хангамжийг сайжруулах, барилгын салбарын бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр иргэдэд 8 ± 1 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай зээл олгох журмыг баталсан талаар олон нийтэд мэдээлснийг дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш