logo
Сум хөгжүүлэх сангийн эрх зүйн орчныг шинэчлэхийг үүрэг болголоо

Сум хөгжүүлэх сангийн эрх зүйн орчныг шинэчлэхийг үүрэг болголоо

2013/06/04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанд Хөдөлмөрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл өгөв. 2013 онд Сум хөгжүүлэх сангаар дамжин иргэдэд 24 тэрбум төгрөг олгогджээ. Энэ сангийн хөрөнгө банкаар дамждаггүй, тухайн орон нутгийн  удирдлагын шийдвэр, Сум хөгжүүлэх сангийн зөвлөлөөр дамжиж иргэдэд хүргэдэг байна. Сум хөгжүүлэх сангийн үр өгөөжийг хэн ч, хэзээ ч тооцож байгаагүй, улс төрийн нөлөөлөл ихтэй, засаг даргын үзэмжээр явдаг чиг хандлага газар авсан, үр дүн муутай сан гэдэг болгоомжлол олон нийтэд байдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байв. Бүлгийн гишүүдийн зүгээс энэ сангийн зарчмыг өөрчилж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сангийн хөрөнгө банкаар дамждаггүй, хяналтгүй асуудлыг өөрчлөх талаар санал гаргасан юм. Мөн энэ сангийн дүрэм журмыг эрх зүйн орчинд нийцүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл болон Сум хөгжүүлэх сантай адил төстэй сангуудыг нэгтгэж, эрх зүйн шинэ орчин, журам боловсруулж оруулж ирэхийг АН бүлгээс үүрэг болголоо. Сум хөгжүүлэх сангаас гаргасан хөрөнгийн 50 орчим хувь нь төсөл болон иргэдийн гар дээр очоогүй байгаа нь сумын удирдлага хэзээ хэнд олгох вэ гэдэг асуудал ажил өмнөх шигээ явж байгааг харуулж буй хэрэг хэмээн гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс төслийн үр өгөөж, чанартай уялдуулж дараагийн төслийн сангийн зээлийг олгох асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг баримтлах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, холбогдох албан тушаалтнуудад даалгавар өгсөн. Түүнчлэн тус сангийн хөрөнгийг хуваарилахдаа хүн амын тоог нь харгалзахгүйгээр сум тус бүрт 150 сая хүртэл төгрөгийн зээл очиж байгааг шүүмжилж,  хүн амынх нь тоонд харьцуулсан харьцааг зүй зохистой барихыг санууллаа.

Мөн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсов. Энэ долоо хоногоос эхлэн моргейжийн найман хүүтэй зээлийг олгох асуудлыг эхэлж буйг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан бүлгийн гишүүдэд мэдээллээ. Уг зээлд ажилтай орлоготой иргэдийг түлхүү хамруулах, бэлэн болсон барилгад энэ зээлийг олгох тухай журам батлагдаад байна. Уг зээлийг олгож эхэлснээр дуусаагүй барилгад иргэдээс захиалга авч, хөрөнгийг нь үнэгүйдүүлдэг, дараа нь үнэ нэмдэг асуудал үүгээр дуусгавар болох юм байна. Харин тухайн барилгын ажлыг эхлүүлэх, дуусгах асуудлыг тусад нь авч үзжээ Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас 380 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна. Тодруулбал, барилгын компаниудад арилжааны банкаар дамжуулан Улаанбаатар хотод 7 хувь, орон нутагт сумын төв, алслагдсан дүүрэгт 5.5 хувийн хүүтэй зээл олгож эхэлжээ. Байгаль орчны яамнаас мод модон эдлэлийг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Барилгын бүх модон материалыг гаалийн татвараас чөлөөлсөнөөр Байгалиа хамгаалах асуудлаас гадна Алтанбулагийн чөлөөт бүсэд модны үйлдвэрлэл, импорт, зах зээлийг ОХУ-тай хамтарч хийх боломж нээгдэнэ гэдэгт санал нэгдсэн гишүүд уг хуулийн төслийг дэмжихээр болсон юм.

Түүнчлэн Уул уурхайн яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын хоёр, нэг хуулийн төслийн талаар Д.Ганхуяг сайд мэдээлэл хийлээ. Эрдэс баялгийн салбарт 2024 он хүртэл баримтлах бодлого УИХ-ын тогтоол батлагдсанаар ашигт малтмалын салбарын хөгжил, баримтлал тодорхой болох юм. Түүнчлэн төр нээлттэй, ил тод, хариуцлагатай, компани харилцан ашигтай хууль дээдлэсэн, сайн засаглалыг дэмжсэн байхыг хуулийн төсөлд тусгажээ. Уул уурхайн салбарт эзэмшил, хөрөнгө оруулагчийг ялгаварлахгүй. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдаг учраас эрх зүйн орчны шинэчлэлийг хийхдээ олон нийтийн хэлэлцүүлэг хийх, харилцаанд оролцогч талуудтай ярилцах, тэнцвэртэй байдлыг хадгалах зэрэг зүйлүүд багтсан байна. 2006 оны УИХ-ын 27 тогтоолд заасны дагуу Стратегийн ач холбогдох бүхий ордод долоон ордыг хамруулж байгааг УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдах саналаа компаниуд өөрсдөө ирүүлсэн байна. Стратегийн ач холбогдол бүхий ордод Гачууртын алт, Хөшөөт, Цайдам нуурын нүүрсний орд 6,8 тэрбум тн-ын нөөцтэй, газрын ховор элементын орд багтахаар уг тогтоолын төсөлд тусгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш