logo
Сургуулийн өмнөх насныханд зориулж “Шударга мазаалайнууд” зурагт номыг хэвлүүллээ

Сургуулийн өмнөх насныханд зориулж “Шударга мазаалайнууд” зурагт номыг хэвлүүллээ

2013/06/04
Авлигатай тэмцэх газраас сургуулийн өмнөх насныханд зориулж “Шударга мазаалайнууд” зурагт номыг эрхлэн хэвлүүллээ. Уг номыг цэцэрлэгийн хүүхдүүдэд танилцуулах, хүүхэд багачуудад шударга ёсны зан үйлийг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн зарим цэцэрлэгийн ахлах бүлгийг сонгож, хүүхэд бүрт зуны даалгавар болгон өгөх ажлыг зохион байгуулав.

Энэ арга хэмжээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэг, 99 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг, тус дүүргийн тэргүүний 19 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн 571 хүүхэд хамрагдаж байна. Тэдгээр хүүхдүүд 2013-2014 оны хичээлийн жилд суралцахаар ирэхдээ “Шударга мазаалайнууд” номд дурдсан агуулга, утга санааг илэрхийлсэн зуны даалгавар бэлтгэж ирэх ажээ. Сонгогдсон бэлтгэл ангийн хүүхдүүдийн дунд уг номыг хэлэлцүүлж, зуны даалгаврыг дүгнэх ажлыг дээрх цэцэрлэгүүд Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулах юм байна. Шилдэг зуны даалгавар бэлтгэж ирсэн хүүхдүүдийг Авлигатай тэмцэх газраас тусгай шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.

“Шударга мазаалайнууд” номыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг зохиож, зургийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энхбаяр зурсан бөгөөд АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэвлүүлжээ.
Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд


Улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш