Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг өнөөдөр /2013.06.03/ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай тухай” болон “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай”, “Үндэсний их баяр наадмын тухай тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол”-ын төсөл, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол”-ын төслүүдийг хэлэлцээд дээрхи хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг бүхэлд нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол”-ын төсөлд бүлгээс бие даасан ажлын хэсэг байгуулж, салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан ажиллахаар тогтлоо.
Мөн “Тодорхой ордыг стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар оруулж ирж буй нэр бүхий 7 орд /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан-Бүргэдэй/- ын цаана хамрагдалгүй үлдсэн бусад ордуудын оруулах талаар нэмэлт мэдээллүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны явцад авахаар тогтлоо.