logo
Түркт 1,7 мянга гаруй хүнийг баривчилжээ

Түркт 1,7 мянга гаруй хүнийг баривчилжээ

2013/06/04
Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнгийн байран дээр худалдааны төв барих гэсэн Түркийн эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн жагсаалд оролцсон хэдэн зуун хүмүүсийг тус улсын цагдаа баривчлаад байна. Эрх баригчдын мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь баасан гарагаас эхлэн тус улсын Стамбул, Анкара, Измир болон Конья хотуудад гарчээ. Энэ хугацаанд тус улсын гудамж талбайгаас нийт 1,7 мянга гаруй хүнийг баривчилжээ. Эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, эл явдлуудад 1 мянга орчим хүн хохирол амсчээ. Өнгөрсөн шөнө цагдаагийнхан Стамбулын Таксим талбайг бүслэж байсныг жагсагчид чөлөөлжээ. Мөн Стамбул болон Анкарад цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Цагдаагийнхан нулимс асгаруулагч хий болон усан буу ашиглаж, үүний улмаас зуу гаруй хүн шархадсан байна. Түркийн ерөнхий сайд Тайип Эрдоган хийсэн мэдэгдэлдээ жагсагчид нь үйл ажиллагаагаараа “ардчилсан тулгуур зарчмуудыг  унагаж” байна гэв. Түүний ярьснаар, талбайг сэргээн засварлах нь автомашин болон тээврийн хөдөлгөөний ачааллыг хөнгөлөхөд чиглэгдсэн болохоор тэр төлөвлөлтөөсөө татгалзахгүй гэжээ. Тэрээр цагдаагийнхан хүчний аргуудыг алдаатай хэрэглэсэнийг хүлээн зөвшөөрөөд, нэн даруй жагсаалаа зогсоохыг уриалжээ. Түүний ярьснаар, Таксим талбай нь “хэт даврагсдын аливаа үйлдлүүдийг хийх газар байх ёсгүй” гэжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш