logo
Ц.Баярсайхан: Иргэдийн авах орон сууц зээлийн барьцаа болно

Ц.Баярсайхан: Иргэдийн авах орон сууц зээлийн барьцаа болно

2013/06/05
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Манай улсын ба­рил­­­гын салбарын үйл ажил­ла­­гаа нь импортоос ха­маа­ралтай, улирлын шинж ча­­нар­тай, ажиллах хүчин ду­таг­далтай, барилгын аж­лын санхүүжилтийн ихэнх ху­вийг банкны богино, дунд ху­га­цаатай зээлээр бүрдүүлэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг зэргээс шалтгаалан олон хүндрэл, бэрхшээлтэй тул­гар­даг” гэдгийг онцлов.

Шинэчлэлийн Засгийн га­зар байгуулагдсанаас хойш энэ салбарт цөөнгүй ажил хийж, хэрэгжүүлж эхэл­жээ. Хам­гийн сүүлд гэхэд л иргэ­дийг ая тухтай амьдрах орчин нөх­цөлөөр хангахын тулд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох журмыг Засгийн газар баталсан нь олон хүний анхаарлын төвд байна.
Энэ журамд тусгаснаар барилга угсралтын ажлын 100 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад ор­сон болон ашиглаж байгаа 80 ам.метр хүртэл талбайтай орон сууц худалдан авахад жи­лийн 8±1 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай, 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй зээлийг тогтмол орлоготой, зээлийн шалгуур хангасан иргэдэд банкуудаар дамжуулан ол­гох юм. Иргэдэд найман ху­вийн хүүтэй зээл олгохтой хол­боо­той асуудлыг хэзээнээс, хэрхэн яаж олгох вэ гэдгээ энэ долоо хоногт холбогдох албаныхан дахин хэлэлцэхээр болжээ.

Ерөнхий сайдын мэ­дээлс­нээр барилга, хот бай­гуулалтын салбарт зургаан то­моохон ажил хэрэгжүүлж эхэл­сэн байна. Тухайлбал, Зас­гийн газар Барилгын ажлыг эх­лүүлэх, үргэлжлүүлэх, ашиг­лалтад оруулах дүрэм батлан мөрдүүлсэн. 
Энэ дүрмээр барилга байгууламжийг эхлүүлэх, үр­гэлж­лүүлэх, байнгын ашиг­лал­тад оруулах үйл ажиллагааг МХЕГ хоёр үе шаттай зо­хион байгуулж байсныг өөр­чилж, салбарын төрийн за­хир­гааны төв байгууллага, сал­барын орон нутгийн засаг захиргааны байгууллага нэг үе шаттай зохион байгуулахаар болгожээ. Өмнө нь ижил үүрэгтэй хоёр комисс ажиллаж, 120 орчим хүний гарын үсэг цуглуулахад 208 хоног шаард­даг байсныг халж, 55-59 хо­ногт багтааж “Нэг цонх”-ны үйл­чилгээгээр үйлчлүүлэх бо­ломж бүрдүүлсэн байна. Цаа­шид үүнийг Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж мөрдүүлэх аж. Мөн хуульд барилгын компаниудын хүчин чадал, чадав­хийг стандартчилж, нийг­­мийн өмнө хүлээх ха­риуц­лагыг өндөржүүлж, сал­ба­рын мэдээллийн нэгдсэн санг онлайн хэлбэрээр ажил­луу­лахыг тусгана. Энэ мэ­дээл­лийн санд барилгын сал­барын аж ахуйн нэгж, бай­гууллагуудын үйл ажил­лагаа болон баригдсан ба­рилга байгууламжийн ху­вийн хэрэг, тоо бүртгэлийг бү­рэн хамруулж, олон ний­тэд нээлттэй мэдээллийн тог­толцоог бий болгох юм байна.

Барилгын салбарт хөдөл­мөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх ажлын хүрээнд хяналт удирдлагын тогтолцоо, холбогдох стандарт, дүрэм, заавруудыг шинэчлэх, сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулахаар “Цэнхэр карт” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Ин­гэснээр барилгын талбайд хө­дөл­мөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хан­гаж, чадвартай инженер техникийн ажилтнууд, мэргэ­жилтэй ажилчдыг ажиллуулж, учирч болох осол, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

Барилгын материалын хангалтыг сайжруулах зо­рилгоор эх орон­доо үйлд­вэрлэдэг болох зо­рилт дэвшүүлэн “Барилгын ма­те­риа­лын үйлдвэрийг дэм­жих хөтөлбөр” боловсруулан Засгийн газар тогтоол батлан барилгын материалын үйлд­вэрийн тоног төхөөрөмж, сэл­бэг хэрэгслийг гаалийн бо­­лон нэмэгдсэн өртгийн ал­бан татвараас чөлөөлжээ. Бай­­шин үйлдвэрлэх комбинат бу­­юу БҮК-1-ийг сэргээж жилд 5000 айлын орон сууц барих хүчин чадал бү­хий угсармал хавтгаалжин ба­рил­гын үйлдвэрийн төсөлд “Чин­гис бонд”-оос 30 хувийн сан­хүүжилт буюу 14 сая ам.дол­ларын зээл олгохоор болсон.

Дэд хөтөлбөрийн хү­рээнд “Барилгын гол нэр төр­лийн материалын үнийг тогт­воржуулах” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэхэд нийт 379 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг олгох асуудлыг шийдвэрлэжээ. Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүү­лэлтийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгж, байгууллагад 57.6 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал /цемент, арматур/-ын улирлын шалт­гаан­тай нийлүүлэлтийн хяз­гаар­лалтыг арилгахад зо­риулж 46 аж ахуйн нэгж, бай­гууллагад 114.3 тэрбум төг­рөгийн санхүүжилт олгосон байна.

Ерөнхий сайд энэ мэт олон ажлыг барилгын салбарт хийж байгааг мэдээлсэн. Харин УИХ дахь сөрөг хүчнийхэн түүний мэдээлэлд дүгнэлт хийснээ ч танилцуулав. Мэдээж, тэдний амнаас энэ салбарт хийж буй ажлуудыг сайшаасан тухай нэг ч үг, өгүүлбэр унасангүй. Дээрх болгоныг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан байлаа. Тухайлбал, “Цэнхэр карт” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийсэн нь тодорхойгүй. Орон сууц­ны нийлүүлтийг дэмжих зо­рил­гоор 380 тэрбум төгрөг банкуудад байршуулсан нь буруу. Найман хувийн хүүтэй зээлийг зөвхөн банкуудад даатгаж орхисон нь орон сууцны сал­барын талаар бодлого, хө­төлбөр байхгүй байгааг ха­рууллаа гэж дүгнэж байв. 
Ингээд УИХ дахь сөрөг хүчний зарим гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн М.Энх­болд: -Шинэчлэлийн Засгийн га­зар зөв бодлого гаргалаа гэж тодорхойлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай их ярьж байна. Энэ нь хэзээ ажил болох юм бэ. Хэдэн иргэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах вэ. Баригдаж буй орон сууцны барилгуудын зарим нь чанарын өндөр шаардлага хангадаггүй. Өмнө нь манай нам засаг барьж байхдаа барилгын чанарт их анхаардаг байсан. Шинэчлэлийн Засгийн газар нийлүүлэлтээ дэмжихэд анхаарч байна. Барилгын компаниудыг нийтэд нь дэмжиж байх шиг.  Чанар муутай барилга барьсан бол хэн хариуцлага хүлээх вэ?
Барилга, хот бай­гуулал­тын сайд Ц.Баяр­сайхан: -Най­ман хувийн хүүтэй орон сууцны зээлд иргэдийн тоог хязгаарлахгүйгээр хамруулна. Урт хугацаатай энэ зээлд арилжааны бүх банк оролцоно. Хамгийн гол нь иргэдийн орох орон сууц нь зээлийн баталгаа, барьцаа болно. Тиймээс иргэдээс илүү зүйл шаардахгүй. Зээлийн ерөнхий журмаа баталлаа. Ирэх /энэ/ долоо хоногоос хэлэлцүүлэх ажилдаа орно. Мэдээж, орон сууцны чанарт анхаарал тавьж байна. Иргэд ч амьдрах гэж буй орон сууцныхаа чанарт анхаарах ёстой. Үүнээс гадна мэргэжлийн хяналт байгууллага ч хяналт тавьж ажиллах юм.

УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр: -Найман хувийн хүүтэй зээ­лээ дундаж амьдралтай өрхийн орлоготой уялдуулан тооцсон уу. Энэ чинь нэг байртайг нь хоёр, хоёр байртайг нь гурав болгох чинээлэг иргэдийг дэмжих бодлого юм биш үү. Хоёрдугаарт, зөвшөөрөлгүйгээр барилга барьдаг асуудлыг яаж цэгцлэх вэ?

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: -Найман хувийн хүүтэй моргейжийн зээлийг хэрэгжүүлэх нь зөвхөн энэ Засгийн газрын үүрэг биш. Энэ зээлийг гаргахын тулд олон талаас нь нягталсан. Арилжааны банкууд болон Монголбанкныхан, барилгын салбарынхан гээд холбогдох бүх албаныхантай ярилцаж байж шийдвэрлэсэн. Зөвшөөрөлгүй барилга барьдаг явдлыг таслан зогсоохын тулд манай яам хүнд суртлыг багасгах, барилгын ажил эхлэхээс өмнө холбогдох тусгай зөвшөөрлүүдийг нь олгох гэх мэт тодорхой ажлууд хийж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш