Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх форумыг Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн, Сингапур улсын Засгийн газартай хамтран анх удаа 2002 оны 5 дугаар сард зохион байгуулснаас хойш жил бүрийн 6 дугаар сарын эхээр хийж хэвшсэн билээ. Энэ жил 12 дахь удаагийн форум 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
"Шанри-Ла яриа хэлэлцээ" хурал нь Ази, Номхон далайн бүс нутгийн батлан хамгаалахын сайд нарыг олон талт арга хэмжээний хүрээнд нэгтгэж, аюулгүй байдал, батлан хамгаалахын тулгамдсан асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар илэн далангүй яриа хэлэлцүүлэг явуулж, санал солилцдог онцлогтой.
Аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой энэхүү хуралд Монгол Улс 2003 оноос эхлэн Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Стратегийн судалгааны хүрээлэнгийн удирдах ажилтан, судлаачдаас бүрдсэн төлөөлөгчдийг 10 жил дараалан илгээн оролцуулж ирсэн юм.
Энэ жилийн хуралд Австрали, АНУ, Бангладеш, Бруней, Индонез, Их Британи, Герман, Камбож, Канад, Малайз, Пакистан, ОХУ, БНСУ, Сингапур, Тайланд, Лаос, Зүүн Тимор, Франц, Филиппин, БНХАУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 28 улсын Батлан хамгаалахын сайд нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын дээд албан тушаалтнууд оролцлоо.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хурлын үеэр Канад улсын Батлан хамгаалахын сайд Петер Маккей, Сингапур улсын Батлан хамгаалахын сайд Доктор Эн Хэн, БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Кван Жин, Австрали улсын Батлан хамгаалахын сайд Стефин Смит, Франц улсын Батлан хамгаалахын сайд Жан Ив Дриан, АНУ-ын Батлан хамгаалах яамны Олон улсын аюулгүй байдал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Дерек Чолле, Япон улсын Нэгдсэн штабын дарга генерал Ивасаки нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол-Канадын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн бага хурлын үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар ИБУИНВУ-ын Нэгдсэн хүчний командлагч, генерал Р.Л.Барронстой хоёр талын уулзалт хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Энэхүү хуралд оролцсоноор Монгол Улсын нэр хүндийг бүс нутагт дээшлүүлэх, байр суурийг бэхжүүлэхээс гадна харилцаатай орнуудын батлан хамгаалах салбарын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, батлан хамгаалах салбар, цэргийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, бүс нутгийн аюулгүй байдал, стратеги, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл олж авах ач холбогдолтой.
“Шангри-Ла яриа хэлэлцээ-2013” хуралд манай БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөгчид идэвхитэй оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлст манай улсын оруулж буй хувь нэмрийн талаар таниулж, цаашид баримтлах бодлого, байр сууриа илэрхийлж, мөн найман орны батлан хамгаалах салбарын удирдлагатай хоёр талын уулзалт зохион байгуулж, Монгол Улсын гадаад болон батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хоёр талын батлан хамгаалах салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны явц, төлөв, харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Монгол Улсын БХЯ-ны төлөөлөгчид тус хуралд жил бүр оролцсоноор бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг билээ.