Австрийн Венна хотноо 2013 оны тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Эрчим хүчний форум 2013” олон улсын хурал боллоо. Уг хуралд НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагын дарга Канде Юмкеллагын урилгаар Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд ЭХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат нар байв.
“Эрчим хүчний форум 2013” олон улсын хурлаар 2015 он хүртэлх Дэлхийн хөгжлийн хөтөлбөрийн явцын тухай ярилцаж, цаашид өмнөх хөтөлбөрт нэмж хүртээмжтэй сэргээгдэх эрчим хүчний тухай асуудлыг тусгай бүлэг болгон тусгахаар шийдвэрлэллээ.
Дэлхийн дээр нийт 1.5 тэрбум хүн ам эрчим хүчинд холбогдоогүй, 2.4 орчим тэрбум хүн эрчим хүчний дутагдалд амьдарч байгаа нь хүний хөгжил, эрүүл мэнд цаашлаад байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар НҮБ-аас мэдээлж, энэ асуудлаар дэлхийн улс, орнуудын удирдлагууд анхаарлаа хандуулахыг хүслээ.
“Эрчим хүчний форум 2013” олон улсын хурлын үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Олон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний агентлагын захирал Аднан Аминтай уулзаж, манай улсаас сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, тус агентлагтай урьд нь хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлттэй байгаагаа нотлов. Уулзалт найрсаг дотно байдалд боллоо.
“Эрчим хүчний форум 2013” олон улсын хурлын Ажлын хэсгийн хуралдааны дундуур ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Австрийн эрчим хүчний агентлагын төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсын эрчим хүчний салбар, сэргээгдэх эрчим хүчний асуудлаар танилцуулж, Австри улсын биомассаас эрчим хүч, дулаан гаргаж авах технологийн тухай ярилцаж, цаашид салхин болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдэгдэв.
Австрийн талаас биомассын эрчим хүч, дулааныг хөдөө, орон нутгийн алслагдсан аймаг сумдад ашиглах боломжийг судлах, эрчим хүч, дулааны асуудлаар хэмнэлттэй технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.