logo
Зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тогтоолын төслийг байнгын хороо дэмжив

Зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тогтоолын төслийг байнгын хороо дэмжив

2013/06/07
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013.06.06/ хуралдаж гадаадын зарим улсад Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар шинээр нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

   Шинээр нээх ДТГ-уудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн гэж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулсан юм.

   Тогтоолын төсөлд  Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хот, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод тус бүр ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээх,  Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Ерөнхий консулын газар нээх,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хайлаар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо тус тус Консулын газар нээх тухай асуудлыг тусгасан байна.

  Байнгын хорооны гишүүдээс дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан ямар нэг асуулт, санал гарсангүй. Тиймээс төслийг дэмжиж пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш