logo
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хууль, тогтоолыг баталлаа

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хууль, тогтоолыг баталлаа

2013/06/08
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдаж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зарим хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар Төсвийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм.

   Нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа. Тус байнгын хорооноос хууль, тогтоолын хэрэгжих хугацааг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр зарчмын зөрүүтэй санал оруулсныг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хууль, тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.

   Дараа нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо хуулийн төслүүдийг тусад нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн хоёр хууль болгож батлах зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувийн саналаар батлав.

   Мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

   Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш