Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт Эрүүл мэндийн сайд Н. Удвал, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа нар гарын үсэг зурсан байна.
Эрүүл мэндийн сайд Н. Удвал хэлэхдээ бичил уурхайчдын эрүүл мэндийн асуудал бол их чухал асуудал, ялангуяа осол гэмтэлд өртөх нь их байдаг. Үүнийг үнэлж, бодлогын хүрээнд эрүүлжүүлж өгөх саналыг тус холбооноос ЭМЯ-нд тавьсан. Яамнаас ажлын хэсэг гаран судалж үзсэний дараа хоёр тал харилцан зөвшилцөн гэрээний төслийг боловсруулсан. Монгол Улсын хөдөлмөрийн насны нийт хүн амын 8,7 хувь нь энэ эрсдэл өндөртэй бизнесийг хийж байна. Тиймээс ЭМЯ дэмжиж ажиллах улс төрийн хүсэл зорилгоо илэрхийлэн энэхүү гэрээг байгуулж байна гэв.
Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа хэлсэн үгэндээ МУ-ын хэмжээнд “Нинжа” хэмээн нэрлэгдэж, дараа нь хувиараа ашигт малтмал олборлон явж байгаад хариуцлагатай бичил уурхайчдын эгнээнд орж байсан. Өнөөдөр анх удаа төрийн том албан бичигт гарын үсэг зурж, төрөөр хамгаалуулах болсондоо нийт бичил уурхайчид бид баяртай байна. Эрүүл Монгол хүнийг бид хөгжүүлснээр их бүтээн байгуулалтын төлөө зогсож чадна. Бид хариуцлагатай бичил уурхайчдын эгнээнд орохоосоо өмнө хэзээ ч төрийн ийм том дэмжлэг, тусламжийг авч байгаагүй, том хүндэтгэлийг хүлээж байгаагүй, бичил уурхайчдын хувьд анхны том баяртай үйл ажиллагаа болж байгааг онцоллоо. Түүнчлэн тэрээр бид эрүүл мэндийн тал дээр айх аюулгүй ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж байна хэмээн ойлгож байна. Эрүүл хүн ихийг бүтээж чадна гээд бичил уурхайчдын нэрийн өмнөөс Эрүүл мэндийн сайдад болон ЭМЯ-ны хамт олонд талархал дэвшүүллээ.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг бичил уурхайчдын эрүүл мэндийг хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал байгуулсан байна. Ингэснээр талууд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх аж. Үүнд:
• Бичил уурхайн эрх зүйн орчинд эрүүл мэндийн нөлөөллийн асуудлыг оруулах, хэрэгжүүлэх арга хэмжээнд иргэний зөвлөлийн оролцоог хангах;
• Бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн Эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг системтэйгээр үнэлэн тодорхойлох үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх;
• Бичил уурхайчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах;
• Мөнгөн ус болон хортой, аюултай химийн бодисыг бичил уурхайн олборлолт, боловсруулалтад хэрэглэхгүй байх, бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад хамтран ажиллах;
• Бичил уурхайгаас хүний эрүүл мэнд, амь насанд учрах нөлөөллийг бууруулах талаар “Уул уурхайн нөлөөллийн бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн талаар авах арга хэмжээний” стратегийн хүрээнд тусгаж, хэрэгжүүлэх;
• Бичил уурхайчдын эрүүл мэндийн асуудлаар хэлэлцүүлэх уулзалтууд зохион байгуулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд санал, зөвлөмжийг хамтран гаргах;
• Хуулийн хүрээнд ёс суртахуунтай, эрүүл олборлолт, эрүүл баяжуулалтыг дэмжиж бичил уурхайчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, эрүүл мэндийн талаар боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, иргэний зөвлөлийг өргөнөөр татан оролцуулах;
• Хамтын ажиллагааны үндсэн чиглэлд нийцсэн сургалт, семинар, хурал болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах
Цаашид “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр гарган, Бичил уурхайчдын удирдах зөвлөлөөр холбогдох талуудыг байлцуулан танилцуулж, хэлэлцүүлэх, шаардлагатай тохиолдолд зөвшилцсөний үндсэн дээр нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна.