Финланд Улсын тухай товч танилцуулга
Бүгд Найрамдах Финланд Улс нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандиновын орон юм. Баруун талаараа Швед, зүүн талаараа Оросын Холбооны Улс, хойд талаараа Норвеги, өмнөд талаараа Финийн булангаар Эстон улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот нь Хельсинки.
Финландад 5.3 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь өмнөд хэсэгт нь байдаг аж. Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах эстон хэлтэй төстэй фин хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны дөрвөн хэлний нэг юм. Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг байна.
Финланд Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс бөгөөд Засгийн газар нь Хельсинкид төвлөрдөг агаад 415 хотод орон нутгийн Засгийн газруудтай. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг нь тэнд үйлдвэрлэгддэг байна. Мөн эдгээрээс гадна Тампере, Турку, Оулу зэрэг томоохон хотуудтай.
Финланд Улс нь түүхийнхээ хувьд Шведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноос Хаант Орос Улсын автономит вант улс болжээ. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн, ЗХУ-ын эсрэг дайн, Нацист Германы эсрэг дайн болж, Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ.
Тус улс 1955 оны НҮБ-д, 1995 онд Европын Холбоонд элссэн бөгөөд еврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ. Түүнчлэн өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг байна.
Финланд нь парламентын засаглалтай улс боловч Ерөнхийлөгч нь ард түмнээсээ шууд сонгогддог Европын цөөхөн улсын нэг юм. Энэ талаараа Монгол Улстай төстэй. Финландын парламентыг Эдускунта гэж нэрлэдэг бөгөөд 200 гишүүнтэй, нэг танхимтай, пропорциональ системээр дөрвөн жил тутамд нэг удаа сонгогддог.
Тус улс нь 1906 онд сонгуульд оролцох, сонгогдох эрхийг эмэгтэйчүүдэд олгосон дэлхийн анхны орон. Өнөөдөр бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоогоороо тэргүүлдэг орон болжээ. Тус улсын парламентын гишүүдийн 40 хувь нь, Засгийн газрын 19 гишүүний 12 нь эмэгтэйчүүд юм.
Хоёр орны парламенты хоорондын харилцаа
Монгол, Финландын хооронд 1963 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Хоёр орны парламентын харилцааны эхлэл 1985 онд Финландын парламентын төлөөлөгчид манай улсад айлчлах үеэр тавигдаж энэхүү айлчлалаас хоёр жилийн дараа 1987 онд Ардын Их Хурлын төлөөлөгчид Финланд Улсад айлчилж байжээ. Улмаар 1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид Финланд Улсад айлчилсан бол 2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан байна.
Финландын Парламентад Финланд-Монголын парламентын бүлэг ажилладаг бөгөөд тус бүлгийн дарга, Парламентын Үндсэн хуулийн комиссын дарга хатагтай Паула Кокконен тэргүүтэй төлөөлөгчид 2002 онд манай улсад айлчилж байжээ.
УИХ-д 2000-2004 онд Монгол-Скандиновын орнуудын парламентын бүлэг 14 гишүүнтэй байгуулагдаж даргаар нь УИХ-ын гишүүн Н.Болормаа, тус бүлгийн дотор УИХ-ын гишүүн Н.Тогтохоор ахлуулсан Монгол-Финландын парламентын бие даасан бүлэг ажиллаж байжээ. Мөн 2004-2008 онд УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, 2008 оны сонгуулийн дараа тус бүлэг шинэчлэн байгуулагдаж даргаар нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ажиллаж байжээ.