Уулзалтын эхэнд УИХ-ын дарга парламентын тэргүүнийг урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд нь талархаж буйгаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж байгаа нь цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно хэмээн онцоллоо. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайн байгааг тэмдэглэлээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлэг 11 гишүүнтэй шинэчлэгдэн байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ажиллаж байна. Энэ бүлэг нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг улам идэвхижүүлэхэд чухал үүрэгтэй ажилладаг гэдгийг УИХ-ын дарга дуулгалаа. Цаашид хоёр улсын хооронд улс төр, эдийн засгийн харилцааг улам идэвхижүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
Өнгөрсөн тавдугаар сард манай улсад болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд Финланд Улс ач холбогдол өгч Хууль зүйн сайдаа оролцуулсан. Финланд Улс нь боловсрол, шинжлэх ухааны салбар дахь бодлогоороо дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс энэ улсын боловсролын салбар, ялангуяа инновацийн хөгжлөөс туршлага судлах хүсэлтэй байна гэдгээ УИХ-ын дарга мөн хэллээ.
Харин ноён Эеро Хейнэлуома уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Учир нь тус улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Зочид мөн манай улсын шүүх байгууллагын тогтолцоо, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг сонирхож байлаа.
Манай улсын Засгийн газар Финландын Ойн судалгааны хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Энэ харилцааг улам идэвхижүүлэх, монгол судлал, тэр дундаа Алтай судлалд хамтран ажиллах бололцоотойг УИХ-ын дарга мөн дуулгасан.
Уулзалтын төгсгөлд ноён Эеро Хейнэлуома УИХ-ын дарга З.Энхболдыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урилаа.
Хүндэт зочид дараа нь УИХ-ын чуулганы танхимтай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.