Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд уулзах боломж гаргаж байгаад баяртай байгаагаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган илэрхийлээд, албан ёсны хөтөлбөрийн дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзах байсан боловч сайд хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгааг дуулгасан юм.Тэрээр Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, ДНБ-ний 20 орчим хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувь уул уурхайн салбараас бүрдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн уул уурхайн үйлдвэрлэл ялангуяа боловсруулах үйлдвэр барьж байгуулах, уул уурхайн бүтээн байгуулалтыг дагасан дэд бүтцийг бий болгох нь чухал байна. Иймээс бусад орны туршлага судлах, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хангах, мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, ойлгомжтой болгоход анхааран ажиллаж байгааг дурдлаа.
Уулзалтын үеэр Финланд Улсын боловсролын салбар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, маш сайн чадварлаг багш бэлтгэдэг боловсролын салбарт өндөр туршлагатай орон гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг онцолж байлаа. Монгол Улсын хувьд боловсролын салбартаа үеийн үед шинэчлэл хийж ирсэн ч одоо чанарын шинэчлэл хийх шаардлагтай байгааг мөн тэрээр хэлсэн. Шинэчлэлийн засгийн газар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулаад ажиллаж байна. Үүнд Финланд Улсын боловсролын системийг нэвтрүүлэх нь хамгийн ойр гээд монголын залуучуудыг Финланд Улсын нэртэй сургуулиудад багш мэргэжлээр суралцуулах боломжийг бүрдүүлж өгөхийг хүслээ. Цаашид хоёр орон боловсролын салбарт түлхүү хамтарч ажиллана гэдгийг талууд онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.