logo
Г.Баярсайхан: Дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж нээгдлээ

Г.Баярсайхан: Дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж нээгдлээ

2013/06/11
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Занар боловс­руу­лах үйлдвэрт шаардла­гатай тоног төхөө­рөм­жийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ авахгүй байх хуу­лийг чуулган баталлаа. Энэ үнэхээр хэрэгтэй хууль мөн үү?

-Монгол Улс шата­хуу­ны хувьд Оросоос бүрэн хараат хэвээрээ л байна. Тиймээс үе үеийн Зас­гийн газар, парламентын гишүүдийн нэг мөрөөдөл нь дотооддоо нефть нэрж, гадныхнаас хараат байх байдлаас гарах шүү дээ. Харин энэ мөрөөдөл биелэх боломжийг одоо­гийн парламент, Засгийн газар  бүрдүүлж өглөө гэж бодож байна.

Юу гэхээр шатдаг за­на­раас шатахуун гаргаж авах боломж нөхцөлийг нь энэ хуулийг гаргас­наараа бүрдүүллээ. Шат­даг занарыг боловсруу­лах үйлдвэр байгуулах тохиолдолд түүнд хэрэг­лэх техник тоног төхөө­рөм­жийг гааль болон НӨАТ-ын татвараас чө­лөө­лөх асуудлыг УИХ шийдлээ шүү дээ. Ингэс­нээрээ бид улс орондоо хэрэгтэй маш чухал шийд­­вэр гаргасан гэж бодож байна.

Ойрын дө­рөв, таван жилийн дараа гаднаас өндөр үнэтэй шатахуун царайчлалгүй, өөрсдөө нефтиэ нэрээд явах боломжтой болох байх. Сүүлийн үед дэлхий дахин орчин үеийн техник технологиор занарыг ашиг­лаж нефть гаргаж авдаг болсон. Энэ жишиг рүү манай улс орох гэж байгаа юм. Нэгэнт нөөц арвинтай нь тогтоогдсон учраас занарыг ашиглаж, шатахууныхаа хомсд­лоос гарах нь зөв л дөө. Үүний төлөө л занарын үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг гаа­лийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр боллоо. Энэ нь 2018 он хүртэл үргэлжилнэ.

-Занар ашиглахын эсрэг дуугарах гишүүд нэлээд байсан...


-Ерөнхийлөгчийн сон­гуульд зориулж улстөрж­сөн байдлаар асуудалд хандаж байгаа нь тэр. Үнэхээр улс орондоо хэ­рэг­тэй хууль шийдвэр гаргая гэж бодсон бол энэ занарыг эсэргүүцэхгүй байсан л даа. Гэхдээ  зана­рын үйлдвэр барих асуудал дээр болгоомж­лох зүйлүүд байлгүй яа­хав. Байгаль орчинд нөлөөтэй юу, гүний усны асуудал нь яах бол гэдэг энд зүй ёсоор яригдана. Нөгөө талаар тухайн орон нутгийн иргэ­дийн санал ямар байхыг бас харгалзан үзэх хэрэг­тэй байх.

-Занараас нефть гар­гаж авах нь бусад аргаасаа хялбар гэсэн байх аа?


-Нүүрс ухдаг шиг том карьер ашиглана гэсэн ойлголт байхгүй юм би­лээ. Газрыг өрөмдөөд газар доогуур тодорхой хэмжээгээр боловсруу­лаад шингэн түлш юм уу хий болгон боловсруулах боломжтой гэсэн. Улаан­баатар хотын агаарын бохирдлыг ч энэ занар шийдэж болох юм билээ. Шатдаг занарын үйлд­вэрээс гарсан хийгээр утааны асуудлыг шийдэх боломжтой гэсэн. Өнөө­дөр АНУ шатдаг занарын хувьсгалын үр дүнд шата­хууны хувьд хараат бус улс болж чадсан байдаг. Мөн шатдаг занараас гаргаж авсан хийгээр дэл­хийн улс орнуудын хэрэг­цээг хангаж асар их ашиг олж байна шүү дээ. Тэгэ­хээр манайд ийм боломж байна гэсэн үг.

-Төв аймгийн Бүрэн суманд занарын үйлд­вэр байгуулах гэж бай­гаа гэсэн үү?


-Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант суманд нөөц бий гэж үзсэн учраас тур­шилтын маягаар үйлдвэр барих асуудал яригдаж байгаа юм билээ.

-Занарын үйлдвэр ашиглалтад орчихвол дотоодын шатахууны хэрэгцээгээ бүрэн хан­гах уу?


-Туршилтын үйлдвэр нь өдөрт 100 тонн шата­хуун гаргах хүчин чадал­тай гэсэн тооцоо бий юм билээ. Ер нь бол манай занар маш сайн чанар­тай гэсэн. Нүүрс, устөрөг­чийн агуулга сайн, тий­мээс маш сайн чанарын нефть үйлдвэрлэх бо­ломж­той гэдгийг  Америк компани лабораторийн түвшинд тогтоочихсон юм билээ. Манай эрдэмт­дийн судалгаагаар Мон­гол бол 780 тэрбум тонн занарын нөөцтэй гэсэн байдаг. Америк ком­па­нийн гаргасан тооцоо­гоор нэг км квадрат газ­раас занар авч боловс­рууллаа гэхэд өдөрт 6700 тонн шатахуун гаргаж болно. Энэ нь жилдээ 2.1 сая тонн шатахуун үйлд­вэрлэх боломжтой юм билээ. Тэгэхээр нэг км квадрат газраас гарах занараас Монголынхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангана гээд бод. Тэгэхээр занарыг бо­ловс­руулах ажил манайд үнэхээр чухал байна.

-Үйлдвэр барих хө­рөнгө оруулалтыг хаа­наас  гаргах юм бэ?


-Америкийн компани хөрөнгө оруулалтаа 100 хувь гаргана гэсэн асуу­дал яригдаж байгаа гэсэн. Гэхдээ энэ удаад парламентын баталсан гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль ямар нэгэн компанийн асуудлыг шийдээгүй. За­нарын үйлдвэрийг дэм­жиж, дотооддоо шата­хуун боловсруулах ажлыг дэмжихийн тулд энэ чиг­лэлийн техник тоног тө­хөөрөмжийг гаалийн бо­лон НӨАТ-ын татваргүй болгож байгаа гэсэн үг. Энэ нь бизнесийнхэнд нэлээд том  боломж болж очиж байгаа юм. Үр дүнд нь Монгол Улс ойрын хугацаанд дотооддоо ша­тахуунаа үйлдвэр­лэ­дэг болох л хэрэгтэй бай­гаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш