logo
Хууль сахиулах байгууллагууд хамтарсан уулзалт зохион байгуулдаг боллоо

Хууль сахиулах байгууллагууд хамтарсан уулзалт зохион байгуулдаг боллоо

2013/06/11

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өгсөн үүргийн дагуу орон нутаг дахь хууль сахиулах байгууллагууд хамтарсан уулзалт зохион байгуулдаг боллоо. Уулзалт 14 хоног тутамд болж, орон нутагт эрх зүйн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлаа яаж шийдвэрлэх болон шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байх юм байна. Одоогоор хэд, хэдэн аймгийн Хуулийн хэлтэс хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтарсан уулзалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч, хамтран ажиллах уялдаа холбоог бэхжүүлж өглөө гэдгээ Хууль зүйн яаманд ирүүлсэн тайландаа тусгажээ.

Хууль зүйн сайд хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн бодлогын хүрээнд орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх зорилгоор “Хууль зүйн сайдаас орон нутгийн хууль сахиулах байгууллагуудад хүргүүлэх албан даалгавар”-ыг дөрөвдүгээр сарын 01-нй өдрийн 1/1280 тоот албан бичгээр орон нутгийн Хуулийн хэлтсүүдэд хүргүүлсэн юм. Уг албан даалгаварт хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн болон албаны үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд үйлчлэх тэргүүлэх зорилго, зарчмыг баримтлан ажиллах, орон нутгийн удирдлага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллагатай хуулийн хүрээнд харилцах зэрэг асуудлыг тусгажээ.

Ташрамд дуулгахад, өмнө нь орон нутгийн хууль сахиулах байгууллагууд хамтарсан уулзалтыг зохион байгуулж байгаагүй юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш