Өнгөрсөн амралтын өдрөөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ахмад зураач, уран барималч, сийлбэрч Ш.Галсандоржтай уулзсан юм. Зураач Ш.Галсандорж анх 1962 онд урчуудын эвлэлд элсэн орж байсан бөгөөд 10 гаруй музейн ажилд оролцжээ. Тэрээр 1996 онд МУИС-ын урд байрлах Х.Чойбалсан агсаны хөшөөг сэргээн засварлаж байгаад гэмтэл авсан бөгөөд удалгүй харвалт өгсөнөөр баруун гараараа зураг зурах боломжгүй болжээ. Гэвч тэрээр сэтгэлээр уналгүй зүүн гараараа зургаа зурж эхэлсэн бөгөөд та бидний сайн мэдэх Р.Чойномын хөрөг, В.И.Лениний музейд байсан 18 метр урт 5 мерт өргөнтэй 90 ам метр “Найрамдал” нэртэй зээгт наамал болон Дондог Дулам хатаныг IX-р богдын хамт гээд олон арван сайхан бүтээл туурвиж байсан юм.
Гэвч тэрээр улсаас нэг ч гавъяа шагнал горьлож байгаагүй бөгөөд Ц.Оюунгэрэл сайд Ш.Галсандорж зураачийг өөрийн гэсэн уран бүтээлийн каталоги гаргах ажилд нь дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Өөрийн гэсэн уран бүтээлийн каталогитой болсноор ямар нэгэн гавъяа шагнал, хүсэлт уламжлахад хавсаргах, хойч үедээ хийсэн бүтээснээ таниулахад хэрэгтэй юм.