Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга энэ жил жуулчдад зориулсан тоглолт, хөтөлбөрөө тавдугаар сарын 25-нд эхлүүлсэн бөгөөд зургадугаар сарын 9-нд албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан билээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт өдөр бүр 18.00 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа болж байгаа бөгөөд Монгол оронд ирсэн аянчин, жуулчин болон монголчууддаа ардын урлагийн төрөл зүйлээр нүд баясаан, сонорыг мялааж, сэтгэлийг сэргээн эх орныхоо нүүр царай, зан заншил, ёс дэгийг урлагаар дамжуулан сурталчилж буй. Тоглолтод чуулгын энэ оны шинэ уран бүтээл “Салхины дууль” тоглолтын шилдэг номерууд болон ардын урлагийн бүхий л төрөл болох уртын дуу, морин хуур, хөөмэй, ардын бүжиг, үндэсний хөгжмийн гайхамшигт үзүүлбэрүүд багтаж байгаа юм. Мөн чуулгын уран бүтээлчид ирэх долдугаар сарын 5-наас эхлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” баярын тусгай тоглолтоо толилуулах ажээ.