logo
Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажилд оролцохыг хүссэн хуулийн этгээд, иргэнд хандсан ил захидал

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажилд оролцохыг хүссэн хуулийн этгээд, иргэнд хандсан ил захидал

2013/06/12
Манай улсын нутаг дэвсгэр дээр 1000 гаруй чулуун зэвсгийн бууц суурин, 600 орчим хүн чулуу,  600 орчим буган чулуу хөшөө, 300 орчим хот суурины ор үлдэц, 200 гаруй хадны зурагтай томоохон дурсгалт газар, судалсан булш, хиргисүүр 500 гаруй,тайлгын онгон 110 гаруй, төрөл бүрийн бичээс бүхий хөшөө дурсгал 200 гаруй, сүм хийдийн үлдэгдэл, туурь  941 судлагдаж бүртгэгдээд байна. Эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас түүх, соёл, шинжлэх ухааны хувьд үнэ цэнэтэй, чухал ач холбогдолтой 175 дурсгал улсын хамгаалалтад, 275 дурсгал аймаг, нийслэлийн хамгаалалтад  байдаг билээ.

    Улс, аймгийн хамгаалалтад байдаг дээрх дурсгалыг бэхжүүлж хамгаалах, сэргээн засварлах, судалж сурталчлах зорилгоор Засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг баталж, 2008-2015 онд хөтөлбөрийгхэрэгжүүлэхэд 13,2 тербум төгрөг зарцуулахаартөлөвлөсөн. Энэхүү хөтөлбөрийг 2008-2012 онд  хэрэгжүүлэхэд 1,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулаад байна.  Тухайлбал, түүх, соёлын дурсгалт барилга болох Архангай аймгийн музейн Зүүн Сэмчин, Чойжин ламын сүм музейн Цогчин дуганы дээврийн ваарыг солих, баруун, зүүн Асар хаалга, хэрэм хашаа, Эрдэнэ зуу музейн хэрэм суварга, Ханджамц хатны суварга, Дорнод аймгийн Их бурхант зэргийг сэргээн засварласан байна.

   Өнөөдрийн мөрдөж буй Соёлын өвийг хамгаалах тухай хууль”, "Төрийн болонорон нутгийн өмчийнхөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хууль"-ийн дагуу тус яамнаас түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажил гүйцэтгэх эрх авсан компанийг сонгон шалгаруулж гүйцэтгэгчийг сонгон, Богд хааны ордон музейн Хувцасны сан, Чойжин ламын сүм музейн хэрмэн хашаа, Эрдэнэ зуу музейн Номун хааны сүм, Албанбулаг дахь  Ардын журамт цэргийн анхны штабын байшин зэргийг сэргээн засварлах ажлыг 3 компани гүйцэтгэж  байна.  

    Аливаа дурсгалт барилгыг сэргээн засварлахын өмнө тухайн барилгын  хэмжилт, судалгаа дээр үндэслэсэн сэргээн засварлах зураг төслийг боловсруулах ёстой тул өнөөдөр Хэнтий аймгийн музей байрлах Сэцэн ханы ордны 5 барилга, Богд хааны ордон музейн 3 барилгыг сэргээн засварлах зураг, төсвийг  хийлгэж  бэлэн болгосон боловч түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах мэргэжлийн байгууллагын хүчин чадал хүрэхгүй, сэргээн засварлах шаардлагатай өдий төдий дурсгалууд нь ээлжээ хүлээж, байгалийн нөлөөллөөр улам муудсаар байна.

    Өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн түүх, соёлын өвөө сэргээн засварлаж хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөө үеийн бидний эрхэм үүрэг юм.        

   Иймд түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэх сонирхолтой, сэргээн засварлах ажлын тодорхой туршлагатай, мэргэжлийн инженер, техникийн ажилтантай хуулийн этгээд, иргэнтэй Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу хамтран ажиллана.

    Харилцах утас: Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн З.Оюунбилэг- 99080420, болон zbileg@yahoo.com

                              Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн 99086706 tsendsuren0525@yahoo.com хаягаар тус тус холбогдоно уу.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш