logo
МИАТ-ын экс удирдлагуудад 10-14 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноолоо

МИАТ-ын экс удирдлагуудад 10-14 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноолоо

2013/06/12
  “Дайны эрсдлийн даатгал” нэрээр МИАТ-ын тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж авч, түүнийгээ зохиомол даатгалын компани руу гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт холбогдоод байсан  МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2006-2011 он ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группийн захирал Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, МИАТ-ын Санхүүгийн хэлтэст ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нарын долоон хүний хэргийг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж шүүх бүрэлдэхүүн 01.45 цагт шийдвэрээ танилцуулсан байна.Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноожээ.  Энэ удаагийн шүүх хурлаас МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, зургаад нь ийнхүү Шүүхийн шийдвэрийн дагуу ял оноосон юм.  Н.Гантөмөрийн өмгөөлөгч гадаадад томилолтоор яваа учраас Шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул хэргийг тусгаарлан шүүхээр болсон билээ.  Шүүхээс мөн МИАТ компанийн экс удирдлагуудын хэргийг мөрдөх явцад битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш