logo
Финланд Улсын Парламентын дарга Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа

Финланд Улсын Парламентын дарга Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа

2013/06/12
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома дагалдан яваа хүмүүсийн хамт өчигдөр “Геологи, эрдсийн түүхий эдийн салбар дахь Монгол-Финландын хамтын ажиллагаа” сэдэвт семинарийн нээлтэд оролцож, Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус лабораторид БНФУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр нэг сая еврогийн өртөг бүхий хоёр удаагийн төсөл /2009-2011, 2012-2014 онуудад/ амжилттай хэрэгжиж байгаа аж. Финландын Геологийн албатай хамтран хэрэгжүүлж байгаа байгууллага хоорондын “Чингис процесс” хэмээх энэхүү төслийн хүрээнд ашигт малтмалын баяжигдах шинж чанарын судалгааг дэвшилтэт техник технологиор гүйцэтгэх бааз суурийг бэхжүүлэн лабораторийг шинэчлэн тоноглож, хүдэр баяжуулалтын дэлхийн шилдэг технологийг дамжуулж, лабораторийн инженер техникийн ажилтнуудыг сургажээ. Өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй хоёр дахь шатны “Монголд газрын ховор элементийн хүдрийн судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах” төслийн тайланг энэ удаагийн семинариар танилцуулж сурталчлах юм байна.

Семинарийн үйл ажиллагаанд Финланд, Монголын төр, захиргааны удирдах дээд байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, байгууллага болон компаниудын төлөөлөл оролцож, 17 илтгэл хэлэлцэхийн зэрэгцээ хоёр улсын геологи, судалгааны ажлын өнөөгийн байдал, баримталж буй бодлого болон хэтийн төлөвийн талаархи чухал сэдвүүдийг хөндөж, түүний дотор газрын ховор элементийн талаар голчлон ярилцах юм байна.

Энэ семинарт БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Бакстром болон Финландын Геологийн албаны захирал Элиас Икдаал болон мэргэжилтнүүд, Outotec, Normet, Palitical зэрэг ашигт малтмалын технологийг эзэмшдэг компаниудын төлөөлөл оролцож байна. Финландын талаас “Финланд Улс-Ногоон уул уурхай 2020-ын тэргүүлэгч орон болох нь”, “Инноваци ба ногоон технологи”, “Финланд Улсын зах зээл дэх экспортын таатай боломж”, “Олон улсын уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцооны хөгжил”, “Ашигт малтмалын тогтвортой баяжуулалтын талаархи Outotec компанийн шийдэл”, “Газар доорхи уурхайн шийдэл”, “Газрын ховор элементийн хүдрийн шинжилгээ зэрэг” сонирхолтой илтгэлүүд тавигдах аж.

Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома семинарийн нээлт дээр хэлсэн үгэндээ, хоёр улс геологийн судалгаа шинжилгээний чиглэлээр амжилттай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг тэмдэглээд Финланд Улс өөрийн дэвшилтэт технологиосоо монголчуудтай харамгүй хуваалцаж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ. Мөн энэ үйл ажиллагаанд оролцож байгаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ, технологиороо дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Финланд Улсын ногоон уул уурхайг хөгжүүлсэн туршлагаас бидэнд сурах зүйл их байна гэдгийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш