logo
Цахилгааны механик саатал гаргахгүй байхыг анхаарууллаа

Цахилгааны механик саатал гаргахгүй байхыг анхаарууллаа

2013/06/13
Нийслэлийн хэмжээнд барилгын болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь цахилгаан шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал их байгаа талаар манай компани баримттайгаар хэд хэдэн удаа олон нийтэд мэдээлсэн билээ.
Ийнхүү мэдээлэл сануулга хийсээр байтал энэ сарын 10-ны орой “Засагт хаан” ХХК ХУД-ийн 3-р хороо, “Маршал таун” хотхоны урд хэсэгт барилга угсралтын ажил гүйцэтгэж байхдаа ЦДҮС ТӨХК-ийн эзэмшлийн 110 кВ-ын агаарын шугамыг механизмаар шүргэснээс цахилгаан сүлжээнд томоохон гэмтэл гарч, хотын тал хэсэг цахилгаангүй болсон. Мөн Зуунмод, Гоодойн зусланд иргэдийн хувийн эзэмшлийн цахилгааны шугам тоноглол төмөр бетон хөлгүй, намгийн хамгаалалтгүй зэрэг наад захын ашиглалтын шаардлага хангаагүйгээс мал, амьтан осолдсон ноцтой зөрчил удаа дараа гарлаа.
Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний их баяр наадам зэрэг улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд болох гэж байгаатай холбогдуулан цахилгааны тасралт гаргахгүй байх үүднээс газар шорооны болон агаарын шугамын ойролцоо ажил гүйцэтгэхдээ хууль дүрмийн дагуу тус компанид заавал мэдэгдэн зөвлөгөө авч ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна. Мөн хувийн дэд станц, шугам тоноглолын аюулгүй ажиллагааг хангаж, тодорхой хугацаанд тогтмол засвар үйлчилгээ хийлгэж байхыг сануулъя гэж Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш