В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааныг шүүх хурал МАН-ын хүсэлтээр удаа дараа хойшлогдож байсан ч өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өнгөрлөө. Шүүх хуралдаан 13 цагт болохоор товлогдсон боловч товлосон хугацаанаас нилээн аажуу эхэлсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаяр, Ц.Одмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Л.Данзанноров нар оролцсон. Харин хариуцагч талаас МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн зөвлөх н.Ганзориг оролцсон. Тэрээр шүүх хуралдаан эхэлснээс хойш хоцорч хуралдаанд оролцсон юм.
Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч, нэхэмжлэгч 2 талаас ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжлэхээр болсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлээд Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гээд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн тогтоолоор:
1. В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь Төр болохыг тогтоох
2. В.И.Лениний музейг МАН-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Тус шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Б.Мөнхбаяр ажилласан бөгөөд 3 цаг орчим үргэлжилсэн.
Ийнхүү В.И.Лениний музейг зориулалтаар нь ашиглаж Т-Батаар болон түүний нөхөд “гэртэй” боллоо.