logo
Батлагдсан болон хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжуудын талаар тайлбарлан таниулав

Батлагдсан болон хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжуудын талаар тайлбарлан таниулав

2013/06/14
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсох, УИХ-аас баталсан болон хэлэлцэгдэж буй хууль тогтоомжуудын талаар мэдээлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сум, Дархан хотод хоёр өдөр ажиллаж байна.

   Улсын Их Хурлын дарга З.Энхболд орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ УИХ-аас хэд хоногийн өмнө баталсан Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын талаар тайлбарлан ярилаа. Мөн “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх журам”-ын талаар тухайлбал, ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтад оруулахдаа гадаадын хөрөнгө оруулалттай болон төрийн өмчит ордын тухайд УИХ-аар, өмчийн бусад хэлбэрийн тухайд Засгийн газар хэлэлцэж шийдэж байхаар журамд тусгасныг тодотгон тайлбарлаж, Монголбанкны Эрдэнэсийн сангийн орлого зарлагын тухай, Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, аймаг, нийслэлийн шүүх, иргэний болон эрүүгийн давж заалдах шатны шүүхийг бүсчилсэн тойрогт хуваасан, түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн талаар уулзалтад оролцсон иргэдэд тайлбарлан таниуллаа.

  Тэрбээр мөн Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт ордог бол занарын нөөцөөрөө гуравдугаарт бичигдэж байгаа, манай улс занарыг өндөр технологиор боловсруулах замаар байгальд ээлтэй, сайн чанарын бензин шатахуун гарган авснаар дотооддоо бензин үйлдвэрлэдэг болж, гадаадын зах зээлээс бүрэн хараат байдлаас гарах боломжтой болох талаар орон нутгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Чингис бонд”-ын санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд, томоохон хөрөнгө оруулалтууд, тухайлбал Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл зэрэг зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай автозам болон 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах, нийслэлийн замын асуудлыг шийдэх “Гудамж” төслийн ажлын талаар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

  УИХ-ын дарга өнөөдөр Дархан-Уул аймгийн төв ажиллаад оройдоо Улаанбаатарт буцаж ирнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш