Тэрбээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллахдаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ уурхайчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Орон нутгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр иргэд шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуултууд голчлон тавьж байлаа.
Сэлэнгэ, Дархан-Уул аймаг нь газар тариалангийн гол бүс нутагт хамаардаг. Тиймээс газар тариалангийн салбарт УИХ, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа талаар тариаланчид сонирхож байв. Тариаланчдын хувьд тарьсан ногооныхоо борлуулалтад төрийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа парламентын тэргүүнд илэрхийлж байв. Тухайлбал, борлуулалтыг нэмэгдүүлэхэд зориулалтын зоорь маш чухал үүрэгтэй. Гэтэл Мандал суманд тийм зоорь байхгүй аж. УИХ-ын даргыг дагалдан яваа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал мөн тус яамны Газар тариалангийн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ринчинсэнгээ нар иргэдэд хариулт өгөхдөө аймаг, дүүрэг бүрд стандартын шаардлага хангасан зоорьтой болгох төсөл хэрэгжүүлнэ, энэ төслөөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлээр доод хэсэгтээ зоорьтой, дээд давхартаа бүтээгдхүүнээ борлуулах захтай зориулалтын байгууламж барих ажил хийгдэнэ гэлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн нийт хүн амын дөрөвний нэг нь буюу 25 мянга гаруй иргэн амьдардаг. Тиймээс тус сумыг хотын статустай болгох хүсэлтээ нутгийн иргэд илэрхийлэв. Хотын статустай болгоно гэдэг нь зөвхөн “хот” гэдэг нэр зүүлгээд орхих хэрэг биш, харин дэд бүтцээс эхлээд жинхэнэ утгаараа хот болж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс эхлээд энэ асуудлыг шийдэх боломжийг эрж хайх шаардлагатай байгаа ажээ.
Уулзалтад оролцсон зарим иргэд БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярт хандан асуулт асууж, санал хүсэлтээ хэлэхдээ хот хөдөөд боловсрол олгох үйл ажиллагаа, сурах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдал хэт ялгаатай байгаа талаар ярьсан байна. Тухайлбал, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн барилга, орчин нөхцөл, сургалтын материалын стандарт зохих ёсоор мөрдөгдөхгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг иргэд анхааруулжээ.