logo
Дүүргийн прокурорын газрыг шинэчлэн байгуулснаар орон тоо, цалингийн санд өөрчлөлт орохгүй

Дүүргийн прокурорын газрыг шинэчлэн байгуулснаар орон тоо, цалингийн санд өөрчлөлт орохгүй

2013/06/14

-“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг

тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга-


  2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн тогтоосон. Улсын Их Хурал 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага гарсан.

  Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн З-т “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Прокурорын газрыг ажлын шаардлага, хүн ам, нутаг дэвсгэрийн байдлыг харгалзан Улсын Их Хурал байгуулна” гэж тус тус заасан.

  Нийслэлийн дүүргийн прокурорын газруудыг шинэчлэн байгуулах саналыг Монгол Улсын ерөнхий прокурорын газраас 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн.

  Нийслэлийн Баянзүрх /Гачуурт/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт харьяалагдаж Баянзүрх дүүрэгт байрших, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан /Жаргалант/ дүүргийн нутаг дэвсгэр Дүүргийн 2 дугаар прокурорын газарт харьяалагдаж Сонгинохайрхан дүүрэгт байрших, Нийслэлийн Багануур дүүрэг болон Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумд, Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сум Дүүргийн 3 дугаар прокурорын газарт харьяалагдаж Багануур дүүрэгт байрших, Нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумд Дүүргийн 4 дүгээр прокурорын газарт харьяалагдаж Налайх дүүрэгт байрших өөрчлөлтийг тогтоолын төсөлд тусгасан.
Дүүргийн прокурорын газрыг шинэчлэн байгуулснаар эдгээр байгууллагын орон тоо, цалингийн санд өөрчлөлт орохгүй бөгөөд нэмэлт зардал гарахгүй байхаар ажиллах боломжтой гэж үзсэн.

   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлд заасны дагуу “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

   Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, эцсийн найруулгыг танилцуулсан.

   2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шүүхийн бүтэц, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2013 оны 4 дүгээр сарын 15-наас мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан зохион байгуулж байгаатай холбоотойгоор “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хууль зүйн байнгын хорооны
ажлын албаны зөвлөх Г.Нямдэлгэр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш