logo
Гол дагуу амралт, зугаалгын бүс байгуулахаар боллоо

Гол дагуу амралт, зугаалгын бүс байгуулахаар боллоо

2013/06/14
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдсан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралт, зугаалгын бүсүүдийг байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ганзориг танилцууллаа.
Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт хэсэг, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоглоомын талбай, урлагийн задгай талбай, сүүдрэвч, Гэр бүлийн амрах хэсэг, гэр бүлээрээ майхан барьж амрах задгай талбай, спортын талбай, сүүдрэвч, амрах сандал, худалдаа үйлчилгээний цэгүүд, Наран шарлагын хэсэг, наран шарлагын задгай талбай, авто машины нэгдсэн зогсоол, сүүдрэвч,  Бага насны хүүхдийн хэсэгт тоглоомын талбай, спортын задгай талбай, амрах талбай, сүүдрэвч гэсэн 4 чиглэлээр байгуулахаар төлөвлөжээ. Хэсэг тус бүрд худалдаа үйлчилгээний цэгүүд байгуулах бөгөөд архи согтууруулах ундаа худалдаалахгүйюм байна.  Дунд гол, Туул гол дагуух 12 га талбайг архигүй амралт, зугаалгын бүс болгон тохижуулах бөгөөд амралт зугаалгын төвүүдийг холбосон унадаг дугуйн болон гүйлтийн зам барихаар төлөвлөжээ.Мөн сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, хөлбөмбөг тоглох талбайг цогцоор нь байгуулна гэдгийг танилцуулгад дурдлаа. 18 байршилд барих эдгээр амралтын бүсэд автомашины зогсоолыг давхар шийдвэрлэснээрээ давуу талтай гэдгийг албаныхан онцолж байна.
Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж  байгаа энэ үед гол дагуух амралтын бүсийг байгуулахдаа усны урсац багагүй хувиар нэмэгдэнэ гэдгийг анхаарч ажиллахыг сануулж, шилдэг төсөл шалгаруулах хэрэгтэй гэсэн юм. Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх амралтын бүс байгуулах төслийг дэмжсэн бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Голуудын урсацыг нэмэгдүүлэх ажил хэрэгжиж эхлэх үетэй зэрэгцээд Туул голын эрэг дагуу олгогдсон газруудад эхнээсээ барилга байшин баригдаад эхэллээ. Эдгээр барилгуудыг цаашид яах вэ. Үүнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, холбогдох газрууд анхаарах хэрэгтэй байна. Дарга нарын буруу шийдвэрээс болоод иргэд хохирдог байж болохгүй гэдгийг дахин дахин анхаараарай. Нийслэлийн иргэд, ялангуяа манай залуучууд, хүүхэд багачууд хот шиг хотод амьдарч, ая тухтай орчинд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхтэй. Тиймээс гол дагуух амралтын бүсийг байгуулахаар болж байгаа нь маш зүйтэй ажил болно” гэж онцлон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш