Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын ажиглагчид урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайлан нь 2013 оны 5 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдийг хамарсан бөгөөд энэ хугацаанд сонгуулийн эрх зүйн орчин ба сонгуулийн систем, сонгуулийн байгууллага, сонгогчийн бүртгэл, нэр дэвшүүлэлт ба бүртгэл, сонгуулийн сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол, иргэд ба олон улсын ажиглалт зэрэг асуудлаар хийсэн ажиглалтдаа үндэслэн өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ гаргасан байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь хуулийн хугацаанд багтаан сонгуулийн бэлтгэл ажлыг жигдрүүлж буйг тайланд дурдаад сонгуулийн сурталчилгаа тайван явагдаж байгааг тэд тэмдэглэсэн байна. Манай оронд ажиллаж буй Европын 24 орны урт хугацааны ажиглагчид сонгуулийн өргөн хүрээтэй асуудлаар ажиглалт хийж урьдчилсан тайлангаа ийнхүү гаргалаа. Удахгүй тус байгууллагын 300 орчим богино хугацааны ажиглагч сонгуулийн өдрүүдэд сонгуулийн санал хураалт, санал тоолох болон сонгуулийн дүнг гаргах үйл явцыг ажиглана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.