logo
Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

2013/06/15
 ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв болон яамны газар, хэлтсийн дарга нар, нүүрсний уурхай, цахилгаан станц, цахилгаан дулааны дамжуулах компаний удирдлагууд оролцож 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг авч хэлэлцлээ.

Шуурхай зөвлөгөөний эхэнд дээр нэр дурдсан байгууллагын удирдлагууд байгууллагынхаа төлөвлөгөөний биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар тус бүр товч мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 5-34 хувийн гүйцэтгэлтэй байна. Багануурын болон Шивээ Овоогийн нүүрсний уурхайн техник тоног төхөөрөмж хэт хуучирсан тул засвар шинэчлэлийн ажил хийх шаардлагатай болсон. Гэтэл өр авлагын асуудал их байгаа учраас хөдөлж чадахгүй байгаа тухайгаа уурхайн удирдлагууд мэдээллээ. Цахилгаан станцуудын хувьд ч байдал мөн адил байна. Харин дамжуулах, түгээх компаниудын хувьд нөхцөл харьцангуй дээр байна. Энэ бүхнийг салбарын удирдах ажилтнууд үнэ тарифын асуудалтай холбон тайлбарлаж байлаа. Сүүлийн 4 жилийн турш хатуу барьсан энэ үнийг хэрэв тодорхой хэмжээгээр нэмэх юм бол асуудлыг шийдвэрлэх боломж байгааг тэд дурдаж байлаа.

Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас үнэ тарифын тогтвортой байдлыг хангахын тулд тодорхой хэмжээний хөрөнгийг салбаруудад хуваарьлаж байгаа. Манай салбарын хувьд 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд 80 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ зээлийг хэрхэн яаж авах талаар Монголбанкны удирдлагуудтай уулзаж ярилцаж байна. Ямарч байсан энэ зээлийн хөрөнгөөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангана, үнэ тарифийн өөрчлөлтийн асуудлаа ч шийдвэрлэнэ. Айл өрхөд дарамт учруулахгүйгээр үнэ тарифын асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ. Тэрээр цааш нь  өвөлжилтийн бэлтгэл ажлыг 10 дугаар сарын нэгэн гэхэд дуусгахыг үүрэг болгоод ОХУ, БНХАУ-аас импортоор авах эрчим хүчний гэрээг шуурхай хийхийг холбогдох хүмүүст даалгалаа. Зам, барилгын ажилтай холбоотой цахилгаан, дулааны шугамыг таслах тохиолдол их гарч байгаа тул ийм гэмтэл, осол гаргасан байгууллага, хувь хүмүүст ногдуулах хариуцлагыг чангатгаж, сайдын хэмжээнд тушаал, Засгийн газрын хэмжээнд тогтоол гаргах хэрэгтэй гэлээ.

            Эрчим хүчний сайд М.Сономпил үгийнхээ төгсгөлд салбарын хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, аливаа хүнд суртал гаргахгүй байж, авилга хээл хахуулийн асуудалд холбогдохгүй байхыг хатуу анхаарууллаа.

Дараа нь Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв хэлэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд засварыг маш богино хугацаанд хийж,  сэлбэгийн нөөцийг сайн бүрдүүлэхийг үүрэг болгов. Тэрээр татварын байгууллаас Нэмэгдсэн өртөгийн албан татварын өрийн акт компаниудад их тавьж байгаатай холбогдуулан салбарын хэмжээнд энэ асуудлыг нэг мөр шийдэхээр ажиллаж байгааг мэдээлж, холбогдох баримтуудаа яамны Хуулийн хэлтэст яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов. Эцэст нь 80 тэрбум төгрөгийн зээлийн асуудал шийдвэрлэгдвэл эхний ээлжинд нүүрсний уурхайн өрийг бүрэн төлж барагдуулах хэрэгтэй гээд он гарснаас хойш үүссэн өр авлагыг дотоод нөөц бололцоогоороо нэг сарын дотор бүрэн барагдуулахыг үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш