logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 23 дахь дугаар хэвлэгдэн гарчээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 23 дахь дугаар хэвлэгдэн гарчээ

2013/06/18

Шинэ дугаарт, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг нийтэллээ. Түгээр үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлжээ. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөх ажээ.

Мөн дугаарт, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Уг тогтоолоор “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах”, “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох” журмыг тус тус баталжээ.Тэдгээрээр агнуур зохион байгуулалтыг ямар төрөлд ангилах, агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг, хийж гүйцэтгэх ажлын дарааллыг тогтоосон байна. Түүнээс гадна судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих, спорт агнуур болон олзворын чиглэлээр ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллагад тавигдах шалгуур үзүүлэлт зэрэг асуудлыг журамласан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Ой зохион байгуулалт хийх” журмыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Энэ тогтоолоор ой зохион байгуулалтын ажил нь ямар төрөлтэй байх, ой тооллогыг хийх түвшин, ямар үйл ажиллагааг хамруулах зэргийг тогтоож өгсөн байна. Мөн ойн тооллого, ой зохион байгуулалтын нийтлэг үйл ажиллагааг тодорхойлж өгсний зэрэгцээ бэлтгэл ажил, хайгуул судалгааны ажил, материал боловсруулалтын ажил , тайлан, зураг төслийн баталгаажуулалтын ажлын хүрээнд ямар ажил хийхийг тодорхой тусгажээ. 

Улсын Их Хурлын Тамгын газрын

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш