logo
Дипломат албаны үйл ажиллагааны хүрээг тэлж, үр дүнг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ

Дипломат албаны үйл ажиллагааны хүрээг тэлж, үр дүнг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ

2013/06/18
Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 30-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

  Тогтоолын төсөлд Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай заасан ба уг асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр урьдчилан зөвшилцсөн.

  Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хурлаараа хэлэлцүүлж санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2013 оны 6 сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлын тогтоол батлагдсан.

  Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газруудын байршлыг сонгохдоо Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, тухайн улсын олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь нэр хүнд, жин нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тухайн улсад оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн байна.

   Энэхүү тогтоол батлагдсанаар Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газар байгуулснаар манай улсын гадаад харилцаа өргөжих, Зүүн Ази, Төв Ази, Латин Америкийн улс орнууд, бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн олон талт үйл явцад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, Бүгд Найрамдах Индонез Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Түрк Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэх, хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, консулын үйлчилгээ хүртээмжтэй, иргэдэд хүрч ажиллах шинэ боломжуудыг нээж, дипломат албаны үйл ажиллагааны хүрээг тэлж, үр дүнг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
                              Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт П.Туяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш