Сайд Л.Болд Бундестагийн төлөөлөгчдөд Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын үзэл баримтлал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэн, Бундестагийн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажилагааг агуулгаар баяжуулахад зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр саяхан болж өнгөрсөн Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болон Бундестагийн Дэд ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болж өнгөрснийг цохон тэмдэглээд Монгол улс цаашид Герман Улстай нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, коксын үйлдвэр байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, ашигт малтмал, технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх хамтарсан сургууль байгуулах зэрэг чиглэлд тодорхой ахиц гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Бундестагийн гишүүд хоёр талын хууль тогтоогч байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж буйг сайшаан тэмдэглэн, боловсрол, уул уурхай, ашигт малтмалын салбарт болон авилгын эсрэг тууштай тэмцэх үйлсэд ахиц дэвшил гарч буйд баяр хүргэн амжилт хүсэв. Тэд бүс нутгийн улс төр эдийн засгийн харилцаа, эдийн засгийн чөлөөт бүс, хөрөнгө оруулалт, татвар, аялал жуулчлалын хөгжлийн асуудлаар сонирхсон асуултдаа хариулт авч, хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.