Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын уулзалтаар эрчим хүчний үр ашиг, ашигт малтмалын тогтвортой менежментийг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.
ХБНГУ-ын Бонн хотноо 2012 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр явагдаж, дээрх нэр бүхий тэргүүлэх чиглэлд багтсан шинэ төслийн бүрэлдэхүүнд манай салбартай холбоотой “Эрчим хүчний системийн үр ашиг” “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”нь үндсэн зорилт болох эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжих ба салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон европын холбооны улсуудын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм.
2013 оны нэгдүгээр сард тус төслийн зөвлөлдөх уулзалт болж гэрээний төсөлд тухай бүр санал солилцон, шаардлагатай тодотголыг оруулснаас гадна Олон улсын цахилгаан техникийн хороо /IEC/-ноос боловсруулсан уул уурхайн нам хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээний стандартын уулзалт сургалтыг зохион явуулжээ.