logo
БЗД-ийн 8-р хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхэллээ

БЗД-ийн 8-р хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхэллээ

2013/06/19
Нийслэл хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн түүхэн бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Төсөл хэрэгжүүлэх компаниуд, иргэдтэй тохиролцоонд хүрч, эхний ээлжийн айлууд газраа чөлөөлснөөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажил эхлэх боломжтой болж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг тохилог орон сууцанд нүүлгэн шилжүүлэх, түрээсийн байраар хангаж төлбөрийг төлөх бүхий л ажлыг төсөл хэрэгжүүлэгч компаниуд бүрэн хариуцаж байгаа бөгөөд иргэдэд ямар нэгэн хүндрэл учруулалгүйгээр шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт ЧД-ийн 13,15-р хорооны нутаг дэвсгэр, 72-р сургуулийн орчимд “Буурал сутай”, “Асар өргөө” ХХК-иуд, БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэрт “Баганат өргөө” компаниуд ажлаа албан ёсоор эхэлсэн бол өнөөдөр БЗД-ийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын их сургууль орчимд төсөл хэрэгжүүлж буй “Гангар инвест” ХХК шав тавьж, ажлаа эхэллээ. Шав тавих ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч “Гангар инвест” ХХК, БЗД-ийн 8,16-р хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм.
“Гангар инвест” компани нь нийт 39 га газарт дахин төлөвлөлт хийх бөгөөд энэ хэсэгт 400 гаруй айл, ерөнхий боловсролын 1 сургууль, 30 аж ахуйн нэгж хамрагддаг байна. Төсөл хэрэгжсэнээр 5600 өрх тохилог орон сууцаар хангагдаж, 1200 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, тус бүр 250 хүүхдийн хүчин чадалтай 2 цэцэрлэг, явган хүний зам, ногоон байгууламж, кинотеатр, усан бассейн баригдах бөгөөд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэх юм. Эхний ээлжийн 3 блок бүхий 12 давхар орон сууцыг ирэх жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд иргэдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр шимийг ирэх жилээс бодитоор хүртэж эхлэнэ.
Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэдэг бол түүхэн бүтээн байгуулалт юм. Энэ томоохон төсөлд зориглож орох аж ахуйн нэгж ховор байлаа. Энэ үед 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй барилгын салбартаа туршлагатай “Гангар инвест” компани төсөл хэрэгжүүлэхээр болж, иргэдийн дэмжлэгийг 80 гаруй хувиар авч, өнөөдөр ажлаа албан ёсоор эхлүүлж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд зориг гарган, бүрэн дэмжиж байгаа иргэддээ ч нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэл хотын хамгийн чухал асуудал болсон гэр хорооллыг бид хамтдаа шийдвэрлэж чадсанаараа ирээдүй хойч үедээ барьж буй хамгийн том хөрөнгө оруулалт, түүхэнд бичигдэх гавъяа байх болно. Ажлаа эрчимжүүлж, төслөө  амжилттай хэрэгжүүлж дуусгахыг хүсье” гэж онцлон хэлсэн юм. Мөн энэ үеэр БЗД-ийн 8-р хорооны өндөр настан н.Лувсан “1989 оноос хойш би энэ нутаг дэвсгэр амьдарч байна. Ийм сайхан түүхэн бүтээн байгуулалтын гэрч болж байгаадаа туйлаас баяртай байна. Барьсан барилга нь чанартай, Бариулсан иргэд нь аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш